“Засгийн газрын ээлжит бус хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их хуралдай” цогцолборт болно”, “УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулна” гэх мэдээлэл, сураг ажиг саяхныг хүртэл сошиал орчинд түгж байлаа.
Гэтэл өнөөдөр /2026.08.05/ Ерөнхий сайд Н.Учрал ийн мэдэгдэв.

Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад томилолтоор явахгүй. Хурал, чуулган зайлшгүй зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Ингэж хэмнэсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд шаардлагатай ажлуудад зарцуулна.
Мэдэгдлийн өнгө аяс нь хэдэн сайдаа зэмлэж буй “том ах” мэт харагдсан.
Гэвч өнөөдрийн энэ шийдвэрийг онцгой гавьяа мэт магтах шалтгаан төдийлөн алга. Учир нь иргэд хонон өнжин дугаарлаж байж хэдхэн литр шатахуун авч, хувийн аж ахуйн нэгжүүд нь хүртэл худалдан авагчдадаа шатахуун худалдахдаа тэгш, сондгой өдрийн хязгаарлалт тогтоосон нөхцөлд байна. Аялал жуулчлалын салбар ч шатахууны хомсдолоос үүдэн их хэмжээний эдийн засгийн хохирол амсах эрсдэлтэй боллоо.
Ийм нөхцөлд төрийн өндөр албан тушаалтнууд “Хэнтий, Өвөрхангайд очиж хуралдана, чуулна” гэх мэдээлэл гарч байсан нь олон нийтэд хүндэтгэлгүй, бодит байдлаас тасарсан хандлага мэт санагдсан нь тодорхой.
Орон даяараа бүсээ чангалах шаардлагатай байхад дарга нар олон арван автомашины цуваа, онгоц хөлөглөн, томилолт нэрийн дор баярын арга хэмжээ төлөвлөж байсан нь өөрөө асуудал юм.
Мэдээж Ерөнхий сайдын өнөөдрийн шийдвэр агуулгын хувьд зөв. Гэхдээ анхнаасаа буруу шийдвэр гаргаж, түүнийгээ зөв болгон зассан л хэрэг. Түүнээс биш Н.Учралын шийдвэрийг гавьяа мэтээр үнэлэхэд бэрх байна.