Намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн С.Бямбацогтын үг

2026-09-15
by

Долоо хоногийн өмнө зарлан хуралдуулсан ээлжит бус чуулган өчигдөр /2026.09.14/ хаалтаа хийсэн. Харин өнөөдөр /2026.09.15/ намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээлтээ хийлээ.

Ээлжит чуулганыг нээж С.Бямбацогт,

“Улсын бага хурал анх дугаар чуулганаа 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж эдүгээ та бид түүний үргэлжлэл болон 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй буй хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна.

Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, эрх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг тодорхойлох онцгой хариуцлагатай цаг үед эхэлж байна.

Ирэх онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын эдийн засаг зогсонг байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд сэрэмжлүүлж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байна.

УИХ өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлсөн, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ.

Тухайлбал татварын багц хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 1.3 сая иргэний татварт гөдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой жижиг дунд ААН-ийн татварын ачааллыг 1 хувь, 10 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалттай ААН-ийн татварыг 10-15 хувь болгож бууруулснаар иргэд бизнес эрхлэгчдийн татварын ачаалал нийтдээ 1 их наяд орчим төгрөгөөр буурна.

Энэ онд нүүрсний экспорт анх удаа 100 сая.тонн, 2027 онд 110 сая тонн болж нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсны зэрэгцээ гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.долларт хүрлээ. Уул уурхайн салбарын орлогын энэхүү өсөлтийг ард иргэдийн бодит орлого, амьжиргааг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийг дэмжих үүднэээс төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ногдол ашгийн дийлэнхийг анх удаа улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Оюу Толгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш 17 жилийн турш энэ ордын өгөөжийг монгол хүн хэзээ хүртэх вэ гэсэн асуулт байнга хариултаа нэхэж ирсэн. Үе үеийн УИХ, Засгийн газрын тууштай зүтгэлийн үр дүнд монголчууд анх удаагаа Оюу Толгойн ордоос ногдол ашиг хүртэх түүхэн боломж бүрдлээ. Энэхүү хэлэцээрийг амжилттай хийж, Монголын ард түмэндээ баялгийн үр өгөөжийг авчирсан Н.Уцралын Засгийн газарт талархал илэрхийлье. Одоо хатрин ндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх заалтыг амь оруулж монголчууддаа яаж хүртээх вэ гэдэг оновчтой шийдэл гаргах нь чухал байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн хүн бүрд нээлттэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэж нь туйлын чухал байна. Ингэж бай ипотекийн зээл тойрсон авлигыг арилгаж ирэгдийнхээ цөхрөлийг эцэс болгож чадна. Өнөөдөр иргэдийн санаа зовниж буй гол асуудал бол өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүчний найдвартай байдал. Эрчим хүчний доголдлыг гал унтраах байдлаар биш үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ.

Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Миний бие энэ асуудалыг 2012 оноос хойш ярьж, 2014 онд төслийн нэгжийг байгуулан 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төслийн санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр бүтээн байгууаллтын ажил нь 40 хувьд хүрээд байна.

Хүндэт ард иргэд ээ,

Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тийм учраас иргэддээ ээлтэй, нээлттэй байж үгийг тань сонсож, дуу хоолог тань төрийн бодлого шийдвэрт тусгадаг байх нь бидний хамгийн анхдагч бөгөөд эрхэм үүрэг юм. Баталж буй хууль болгон, гаргаж буй шийдвэр бүхэн ам ажлын зөрүүгүй, иргэн таны оролцоо, таны хяналт дор байх нь иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шударга ёс оршин тогтнох эрүүл хөрсийг бүрдүүлнэ. Би УИХ-ын даргаар сонгогдсон эхний өдрөөсөө л хууль тиогтоох дээд байгууллагыг илүү нээлттэй, иргэдэд ээлтэй ил тод болгож, гишүүдийн ёс зүй, сахилга бат, хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилтыг тэргүүн зэрэгт тавин ажиллаж байна.

“Нээлттэй парламент” гэдэг нь зөвхөн индэр дээрээс тунхагладаг уриа лоозон, хоосон нэршил биш ээ. Энэ бол иргэн, төр хоёрыг холбосон итгэлцлийн амьд гүүр байх ёстой. Энэ зарчмын хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимаа албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд шат дамжлага, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг байв. Тэгвэл өнөөдөр иргэд маань өөрсдийн сонгосон төлөөлөлтэйгөө болон Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүдтэй ямар нэгэн саадгүй, чөлөөтэй уулздаг танхимтай боллоо. Уг танхим нээгдсэнээс хойш Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Х.Болормаа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, М.Нарантуяа-Нара нарын гишүүд 300 орчим иргэнийг биечлэн хүлээн авч уулзжээ.
Иргэдээ хүлээн авч үг саналыг нь сонсож, идэвхтэй ажилласан гишүүддээ талархал илэрхийлье ээ.

Бид өнгөрсөн хаврын чуулганаар гишүүдийн ирц, санал хураалтын үр дүнг бүрэн цахимжуулж, олон нийтэд нээлттэй болгосон. Улсын Их Хурлын гишүүн хэзээ, хэдэн цагт ажилдаа ирсэн, хэн нь хоцорч, хэн нь тасалж эсвэл томилолттой байгааг, мөн хэрхэн санал өгснийг иргэд бодит цагийн горимоор шууд хянах боломжтой болсон.
Түүнчлэн санал хураалтын оролцоо, хуулийн хувийн хэрэг, гишүүдийн тайлан, асуулт, асуулга, хяналтын сонсголын мэдээлэл зэрэг хуулийн хүрээнд ил байх бүхий л мэдээллийг иргэддээ нээлттэй болголоо.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд “И-Монгол” цахим хуудас дахь “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсээр дамжуулан нийт 700 гаруй иргэнээс санал, хүсэлт ирсэн байна. Үүний дийлэнх нь зээлийн хар жагсаалт, орон сууцны болон цахим залилан, хуулийн хэрэгжилт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын чанар, гүйцэтгэлийн талаар байсныг энд онцлон дурдах нь зүйтэй.
Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай.
Иргэний хяналт бол парламентын ажлыг хүндрүүлэх ачаа биш, алдаагаа илрүүлж засах хамгаалалт юм.


Ард түмнээсээ сонгогдсон Улсын Их Хуралд ард түмнээсээ нуух зүйл байхгүй. Чуулганы завсарлагаанаар Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж Улсын Их Хурлын даргын хувиар гадаад албан ёсны айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт нэг тэрбум хүртэлх евро болон ам.долларын санхүүжилт авах талаар бодит үр дүнд хүргэхээр тохиролцлоо. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэлээ.

Эрхэм гишүүд ээ!

Бид үзэл бодлоороо өрсөлдөж болно. Харин Монголын эрх ашгийн төлөө хэзээд нэгдэх учиртай бөгөөд ард түмэн Та биднээс өндөр ёс зүй, сахилга бат, хариуцлагыг нэхэж байна. Хурал чуулганаа таслахгүй, худал ярихгүй амласнаа хэрэгжүүлдэг, төрт ёс, түмэн олноо хүндэтгэдэг байхыг хүсэж байна.

Тийм ч учраас Улсын Их Хурал хариуцлага, сахилга бат, ёс зүйг өөрөөсөө, гишүүдээсээ эхлүүлэх Улсын Их Хурлын тухай багц хуулиа энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахыг хүлээж, бас шахаж шаардаж байгааг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Иймд чуулганы болон байнгын хороодын хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, хэлэлцэх ёстой асуудлаа хойш тавилгүй, цаг наргүй шийдвэрлэж ажиллахыг сануулъя аа. Бидний ажлын цаг бол хувь гишүүний бус иргэдийн төлөөх цаг гэж үзэн ажиллацгаая.

Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой.
Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна.
Энэ намрын чуулганы бас нэгэн онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм.

Нийгмийн сүлжээнд ардчилал, шударга ёсыг уландаа гишгэж, хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэл өдөр алгасалгүй цацагдаж, олон нийтийн сэтгэл зүйг айдас түгшүүрт автуулж, хагалан талцуулж байгаад Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя.

Засгийн газар Хууль бус хөрөнгө хураах хуулийг 9 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн боловч өнөө хэр өргөн бариагүй байна. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурал хүлээн авсан даруйдаа хэлэлцэнэ гэсэн миний байр суурь хэвээрээ байгаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Энэхүү танхимд олон намын, олон байр суурь бий. Улсын Их Хурлын даргын хувьд би аль нэг намын бус, нийтийн эрх ашигт нийцсэн зөв санал, санаачилга бүрийг нам харгалзахгүй, хүн ялгахгүй дэмжин ажиллах болно. Гагцхүү хэлэлцэж, баталсан шийдвэр бүхэн айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэх ёстой.

Бид олон хууль батлах нь чухал биш, харин ард түмний амьдралд хэрэгтэй, хийдэлгүй, чанартай хууль баталж, баталсан хуулиа заавал хэрэгжүүлдэг байхад анхаарал хандуулж ажиллацгаая.
Эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур баганаа тэгшитгэн засаж, иргэний оролцоо, хяналттай төрийг цогцлоох үүрэг хүлээсэн Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Намрын ээлжит чуулган: Энэ 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ

Next Story

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр руу ордноос “чулуу” шидлээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр