Ээлжит чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Гэсэн ч баталж амжаагүй, гуравдугаар хэлэлцүүлэг ч эхлээгүй байна.
Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “босож” ирсэн нэг асуудал бол Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөг өгөхөөр тусгасан байсан гэх асуудал.
Тодруулбал, Н.Учралын ээж захирлаар нь ажилладаг “Их засаг кинг” сургууль нэр холбогдоод буй. Эл асуудал намжилгүй явсаар 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан болж “томорсон”. Энэ асуудлыг Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж дөрөв хоногийн өмнө баримтаар дэлгэсэн юм.
Түүний хэлж буйгаар, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий 3 сургууль, цэцэрлэг 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Энэ нь 2023-2026 оны хооронд буюу гурван жилийн хугацаанд авсан нийт санхүүжилтийн дүн гэсэн.
Харин өнөөдөр /2026.09.25/ УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, “Xувийн таван сургуульд 12 тэрбум төгрөг өгөхөөр төлөвлөсөн байсан. Сангийн яамнаас төсвийн задаргааны гурван төрлийн баримт шаардахад ирүүлсэн файл дотор асуудал үүсгээд буй задаргаа байсан” гэх утгатай, баримт бүхий мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтэллээ.
Гэсэн ч Ерөнхий сайд Н.Учрал болон түүний хамаарал бүхий сургуулиуд сүүлд дэлгэгдсэн аль ч баримтад хариулт өгөөгүй, няцаагаагүй хэвээр байна. Хэрэв бодитой бол асуудал өөр тийш эргэх нь дамжиггүй. Тийм ч учраас сөргүүлж мэдээлэл хийхгүй, баримт дэлгэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Нийгэмд бол “үнэн” гэж ойлгогдох хэмжээнд эргэлзээ үүслээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулсан шалтгаан хуучраагүй, одоо ч яригддаг. Дурдагдаж буй мөнгөн дүнгийн хувьд ч тэнгэр, газар. Атал Ерөнхий сайд маань гүрийж, гэдийсэн хэвээр!