“Туулын хурдны зам” төсөл ямар учраас зогсож, яагаад Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан бэ

2026-09-29
by

Авлигатай тэмцэх газар 2026 оны гуравдугаар сард “Туулын хурдны зам” төслийн сонгон шалгаруулалтад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.  

Улмаар Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний төрсөн дүү Т.Мөнхдалай, хамаарал бүхий этгээд Н.Билгүүн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл АТГ өнгөрсөн долоо хоногт уг хэрэгт холбогдуулан хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татаад байна.

Хуулийн байгууллагууд анхнаасаа олон нийтэд маш ойлгомжгүй, ерөнхий мэдээлэл өгч ирсэн нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэсэн. Тиймээс “Туулын хурдны зам” төслийн эргэн тойронд болсон бүх үйл явдлыг эхнээс нь тайлбарлая.

1. 916 тэрбумын төсөвтэй анхны төсөл (2012–2018 он)

2012–2014 он: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор “Гудамж төсөл”-ийг санаачилж, Нийслэлээс Туул голын дагуу хурдны зам барих анхны концепцийг боловсруулсан байдаг.

Ингэхдээ анхны ТЭЗҮ-д 32-36 км урт, 1.3 км гүүрэн байгууламж бүхий 4 эгнээ авто замын төсөвт өртгийг 916 тэрбум төгрөгөөр барихаар баталсан. Төслийн санхүүжилтийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар барьж, замын хураамжаар хөрөнгө оруулалтаа нөхөх буюу барих-ашиглах-шилжүүлэх (BOT) нөхцлөөр концессын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч тухайн үедээ хөрөнгө оруулалт шийдэгдээгүйн улмаас төсөл зогссон.

2. 2.3 их наяд төгрөг болж өссөн төсөв Х.Нямбаатарын Туулын хурдны зам (2024–2025 он)

2024 он: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хотын дарга Х.Нямбаатар дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд босгосон. Бондын эх үүсвэрээр нийслэлийн 24 мега төслийг санхүүжүүлэхээр тооцсон.

Ийнхүү Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Туулын хурдны зам” төслийн масштабыг өөрчилж, 6 эгнээ бүхий олон түвшний хурдны зам болгон шинэчилсэн. Улмаар шинэчилсэн төсөвт өртөг 2.38 их наяд төгрөг болж анхны төсвөөс 2.5 дахин өссөн. Ингэхдээ 1 км авто замыг 14.7 тэрбум, 1 км гүүрийн байгууламжийн өртгийг 130 тэрбум төгрөг байхаар тооцсон.

Гэвч төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНҮ), Туул голын аюулгүй байдлын дүгнэлт хангалттай хийгдээгүй тул анхны BOT нөхцлөөр олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд Нийслэлээс төслийн санхүүжилтийн загварыг EPC нөхцөл буюу шууд худалдан авалт болгож өөрчилсөн. Ингэснээр төслийн санхүүгийн эрсдэл хөрөнгө оруулагчдад бус нийслэлийн төсөв буюу татвар төлөгчдийн нуруун дээр ирсэн байдаг.

2025 он: Улмаар төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах EPC нөхцөлтэй тендер зарлаж, Хонконгт бүртгэлтэй, БНХАУ-ын иргэн Лю Дайвэний эцсийн өмчлөл бүхий “China Hyway Group Limited” / ХаоЮань Групп ХХК (“Хаоюань женерал констракшн” ХХК) шалгарсан.

Улмаар төслийн ТЭЗҮ-ийн тодотгол, БОНҮ болон Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлт эцэслэн гараагүй, ажил бодитоор эхлээгүй байхад урьдчилгаа нэрээр 500 тэрбум төгрөгийг ХаоЮань Групп ХХК-д олгосон байдаг. 

Хожим төслийн сонгон шалгаруулалтад хийсэн шалгалтын ажлын дүгнэлтээр ХаоЮань Групп ХХК нь тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлж, баримт бичгийн бүрдэл хангаагүй байхад шалгарсан болохыг тогтоосон байдаг. 

3. Байгаль орчны зөрчил

2025 оны 12 сар: Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын ХаоЮань Групп ХХК болон туслан гүйцэтгэгч компаниуд ТЭЗҮ-ийн тодотгол, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Усны газрын эцсийн дүгнэлт гараагүй байхад Туул голын ай сав газарт барилгын ажлыг эхлүүлсэн.

2026 оны 1–3 сар: Цагдаагийн Ерөнхий Газраас гүйцэтгэгч тал хөрсний туршилт хийхдээ тусгай зөвшөөрөлгүй химийн аюултай бодис болох Anionic Polyacrylamide ашиглаж, байгаль орчин бохирдуулсныг тогтоон экологийн эрүүгийн хэрэг үүсгэв.

4. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа

АТГ-аас төслийн сонгон шалгаруулалт болон санхүүжилттэй холбоотой дараах зөрчлүүдийг тогтоон шалгасан байдаг.

Х.Нямбаатар:

  • Зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.1 (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)
  • Үндэслэл: ТЭЗҮ, БОНҮ болон Усны газрын дүгнэлт Төрийн магадлалаар баталгаажаагүй байхад гүйцэтгэгч “ХаоЮань Групп”-т 500 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Тендерийн удирдамжийг тухайн компанид давуу байдал олгохоор тусгасан.

T.Даваадалай:

  • Зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.1 (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах)
  • Үндэслэл: Сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагаанд нөлөөлж “ХаоЮань Групп”-ийг шалгаруулсан.

Т.Мөнхдалай /Т.Даваадалайгийн төрсөн дүү/ болон Н.Билгүүн /хамаарал бүхий этгээд/

  • Зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.1.2 (Албан тушаалын гэмт хэрэгт хамтран оролцсон), 18.6 (Мөнгө угаах)

  • Үндэслэл: Ажлын туршлагагүй, бодит чадамжгүй компаниуд үүсгэн байгуулж, ХаоЮань Групп ХХК-ийн туслан гүйцэтгэгч байдлаар 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, авлига байж болзошгүй мөнгийг дансаараа дамжуулан үл хөдлөх хөрөнгө болон бусад хэлбэрээр угаасан болохыг тус тус тогтоосон. 
Улмаар Засгийн газрын шийдвэрээр 2026 оны 4-р сард АТГ болон ЦЕГ-ийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Бензинээ зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг уриалав

Next Story

С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Н.Номтойбаярын өгсөн есөн үүрэг

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын

С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас