Өчигдөр /2025.10.26/ орой авто замын түгжрэл дээд цэгт хүрч, тэг зогсолт хийв. Иргэд 3-5 цагийг түгжрэлд зарцуулж, нийтийн тээвэр хүнээ багтаахгүйд хүрсэн. Зэрэгцээд нийгмийн сүлжээнд хотын даргыг хайсан хүмүүс олшров. Энэ бол эхлэл. Дээрээс нь утаа нэмэгдэнэ. Нэмээд шатахууны хомсдолоос үүдэлтэй урт дараалал ч түгжрэлийн гол шалтгаан болж, өвлийн турш дарга нарын чихнээс хонх уяна. Ганц орой биш өглөө бүр энэ дүр зураг мөн давтагдаж байна.
Түгжрэлийг бууруулахаар бид метро, дүүжин тээвэр, Туулын хурдны зам, нүхэн гарц, тойрог зам, хөнгөн галт тэрэг гээд шийдэж болох бүхнийг санаачилсан. Харамсалтай нь цаасан дээр л дурайж бодит ажил болсон нь бараг л үгүй. Одоогийн байдлаар дүүжин тээвэр ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэх гэж буй. Гэхдээ зөвхөн Яармагаас нэгдүгээр хороолол гэсэн ганцхан чиглэлд зорчино. Харин метро иргэдийн хүлээлтээс бараг л гарч, урт хугацааны мөрөөдөл хэвээр байгаа.
Товчхондоо энэ өвөл ч бид урд жилүүдийн адил түгжрэлтэйгээ эвлэрч таарах нь. Шинэхэн гэх тодотголтой Хотын дарга Б.Пүрэвдагва түгжрэлийг бууруулах, арилгах чиглэлд юу хийх, ямар арга хэмжээ авахаа ч танилцуулаагүй байна. Тиймээс хоосон хүлээлтээ хойш тавьж, өнөөдөр ч түгжирнэ гэдэг сэтгэл зүйтэйгээ эвлэрэх нь бараг л эмчилгээ болохоор байна.