Энгийн иргэн согтуугаар машин жолоодож, эсвэл танхайрч бусдын биед халдвал юу болох вэ. Шууд хуулийн хариуцлага хүлээж, баривчлагдаж, эсвэл торгуулж, нийтэд тусдаа ажил хийж, эрхээ хасуулна. Харин УИХ-ын гишүүн яг ийм төрлийн зөрчил гаргасан тохиолдолд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тэдэнд зөрчлийн хууль үйлчилдэггүй гэсэн үг.
Учир нь, 76 гишүүнтэй өмнөх парламент 2024 оны сонгуультай зэрэгцэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа одоогийн 126 гишүүнд Зөрчлийн тухай хуулиар шүүхээр хариуцлага тооцохыг хориглох заалт “шургуулчихсан”.
Өөрөөр хэлбэл, 126 гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, олон нийтийн газарт зүй бусаар авирлаж, танхайрч, хүн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, мөрийтэй тоглох зэрэг зөрчлүүдийг гаргаж болно. Тэд ямар ч зөрчил гаргасан гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийж болохгүй.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан даваа гарагт болж түүхэн дүгнэлт гаргалаа.
Цэцээс “УИХ-ын гишүүн гэдэг шалтгаанаар Зөрчлийн хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх нь Үндсэн хуулийн “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн суурь зарчмыг шууд зөрчиж байна” гэж үзлээ. Ингээд 2026 оны 07 дугаар дүгнэлтээрээ энэ заалтыг зөрчилтэйд тооцлоо.
Энэ нь УИХ-ын гишүүн ч гэсэн энгийн иргэнтэй адил зөрчлийн хуулиар шийтгүүлж, хуулийн хариуцлага хүлээх ёстой, тусдаа эрх эдлэх боломжгүй гэсэн үг.
Одоо цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэх нь 126 гишүүнээс хамаарна. Тэд Цэцийн дүгнэлтийг хүлээж авч хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх үү, эсвэл “бид илүү эрхтэй, согтуугаар машин барьсан ч хариуцлага хүлээхгүй” гээд гүрийх үү. Үүнийг тэдний санал хураалтаас анхааралтай ажиглах үлдэж байна.