Энэ Бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 7-нд МАН-ын 36-р бага хурал хуралдана.
Уг хурлаар хэлэлцэх гол асуудал нь Нийслэлийн МАН-ын хорооны даргыг солих тухай. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга байна гэх намын уламжлалт дүрмийн дагуу одоо Хотын даргаар ажиллаж байгаа Б.Пүрэвдагвыг нийслэлийн МАН-ын хорооны дарга болгох зорилготой хурал юм.
Угтаа бол Хотын дарга асан Х.Нямбаатар одоо ч Нийслэлийн МАН-ын хорооны дарга гэх сэтэртэй яваа. Гэвч тэрбээр Канад улсад суралцах нэрийдлээр орогнол хүсэхээр бэлтгэж буй гэх цуурхал ч тараад буй.
Юутай ч Х.Нямбаатарыг бага хуралдаа цахимаар оролцож, өнгөрсөн хугацаанд Нийслэлийн МАН-ыг хэрхэн удирдан ажилласнаа тайлагнана гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй ойрын хүрээллийнхэн нь мэдээлж байна.
Ташрамд, 2025 оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын 31 дүгээр Их хурлаар Бага хурлынхаа шинэ бүрэлдэхүүнийг байгуулж, 597 гишүүнтэй байхаар тогтсон. Тэгвэл энэ удаагийн 36-р бага хуралд 489 төлөөлөгч оролцох бөгөөд намын даргын асуудлаас гадна тэргүүлэгч, дэд дарга нарын асуудал, намын хорооны тоо болон бусад сэдвийн хүрээнд хэлэлцэнэ.
Юутай ч нэг даргыг нөгөөгөөр солих МАН-ын дотоод зөрчил энэ долоо хоногт эцэслэгдэх нь. Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын дарга болж чадвал SDY гэх цүнх баригч хөвгүүдийн улс төрийн эрин үе эхлэх биз ээ.