Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход өнгөрсөн есдүгээр сард шүүхээс таван жилийн хорих ял ногдуулсан. Тэгвэл АТГ-аас шалгалтын явцад илэрсэн баримтуудыг дэлгэлээ.
Тодруулбал, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Насантогтохын гэрээс 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг хураан авчээ. Мөн хадам дүү Ч.А-ийн гэрээс 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэж үзсэн байна.
- Тэрбээр өмнө нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэр рүү нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн,
- Нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- Нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- Хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж, хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- Орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- Автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.
Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.
Ийнхүү түүнийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,83 тэрбум төгрөг олсон гэж шүүх үзсэн байдаг.
Шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал, Б.Насантогтохын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр шилжүүлсэн байсан Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Насантогтохыг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ. Харин шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.
Сонирхуулахад, Б.Насантогтох нь Зам тээврийн яамны ТНБД-аар 2025 оны есдүгээр сарын 24-ны өдөр томилогдож байсан бөгөөд 2026 оны нэгдүгээр сараас АТГ түүнийг шалгаж эхэлсэн юм. Ийнхүү тэрбээр ганцхан жилийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр ял аваад байна.