Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (ЗЗНДНТУХ)-иар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлөх болон огцруулах зохицуулалдаг. Үндсэн хуулийн 60.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог тул хуулийн заалт дахь “дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд” гэх зохицуулалтаас Нийслэлийн түвшинд зөвхөн Ерөнхий сайд эцсийн шийдвэр гаргах эрх бүхий субъект болно.
Хотын даргыг ажлаас чөлөөлөх болон огцруулах 5 нөхцөл байна.
1. Эрүүл мэнд болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргах
- Хүсэлт гаргах: Нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргана.
- Шийдвэр гаргах: Ерөнхий сайд уг хүсэлтийг үндэслэн түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө (ЗЗНДНТУХ 64.1).
- Шилжилтийн үе: Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээнэ (ЗЗНДНТУХ 64.5).
2. Нийслэлийн Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргах (Хориг няцаагдсан үндэслэлээр)
- Хориг тавих: Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) гаргасан шийдвэрт хориг тавина (Үндсэн хууль 61.2).
- Хоригийг няцаах: НИТХ хуралдаж, өөрийн төлөөлөгчдийн олонхын саналаар Засаг даргын тавьсан хоригийг няцаана (Үндсэн хууль 61.3).
- Хүсэлт гаргах: Хориг няцаагдсан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ НИТХ эсхүл Ерөнхий сайдад гаргаж болно (Үндсэн хууль 61.3, ЗЗНДНТУХ 64.2.4).
- Шийдвэр гаргах, мэдэгдэх: Ерөнхий сайд огцруулах шийдвэр (захирамж) гаргах бөгөөд энэ шийдвэрээ НИТХ-д нэн даруй мэдэгдэнэ (ЗЗНДНТУХ 64.3).
- Шинэ хотын даргыг томилох: Шийдвэрийг хүлээн авснаас хойш НИТХ 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ (ЗЗНДНТУХ 64.3). Шинэ томилгоо хүртэл орлогч үүргийг гүйцэтгэнэ (ЗЗНДНТУХ 64.5).
3. Нийслэлийн ИТХ-ын санаачилгаар (ажлын үр дүнг харгалзан) огцруулах
- Үндэслэл бүрдэх: Засаг дарга “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн” (65.1.1) эсхүл “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” (65.1.2) гэж дүгнэгдэнэ.
- Санаачилга гаргах: Дээрх үндэслэл бий болсон гэж НИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс (1/3) доошгүй нь үзэж, гарын үсэг зурна (ЗЗНДНТУХ 65.2).
- Хурлаар хэлэлцэх: Санал гарснаас хойш НИТХ 15 хоногийн дотор хуралдаанаараа асуудлыг хэлэлцэнэ (ЗЗНДНТУХ 65.2).
- Санал уламжлах: НИТХ-ын нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавьж шийдвэрлүүлнэ (ЗЗНДНТУХ 65.2).
- Ерөнхий сайд шийдвэрлэх: Ерөнхий сайд НИТХ-ын саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор огцруулах эсэх шийдвэрийг гаргана (ЗЗНДНТУХ 64.4). Энд 2 өөр эрх зүйн үр дагавар үүсэж болно:
- Зөвшөөрсөн тохиолдолд: Ерөнхий сайд огцруулах шийдвэр гаргавал НИТХ-д нэн даруй мэдэгдэж, НИТХ 15 хоногийн дотор шинээр нэр дэвшүүлнэ (ЗЗНДНТУХ 64.3).
- Татгалзсан тохиолдолд: Хэрэв Ерөнхий сайд тухайн саналыг хүлээж аваагүй (татгалзсан) бол НИТХ Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавих эрхгүй болно (ЗЗНДНТУХ 64.4).
4. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар шууд огцруулах
- Үндэслэл бүрдэх: Нийслэлийн Засаг дарга “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн” (64.2.2) гэж Ерөнхий сайд үзэх, ЭСХҮЛ “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” (65.1.3) гэж Ерөнхий сайд үзсэн тохиолдолд (64.2.5).
- Шийдвэр гаргах: Ерөнхий сайд өөрийн санаачилгаар (Нийслэлийн ИТХ-ын санал шаардахгүйгээр) шууд огцруулах шийдвэр гаргана (ЗЗНДНТУХ 64.3).
- Хуралд мэдэгдэх: Ерөнхий сайд огцруулах шийдвэрээ НИТХ-д нэн даруй мэдэгдэнэ (ЗЗНДНТУХ 64.3).
- Шинээр нэр дэвшүүлэх: НИТХ мэдэгдлийг авснаас хойш 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх үүрэг хүлээнэ (ЗЗНДНТУХ 64.3).
5. Шүүхийн шийдвэрийг үндэслэн огцруулах
- Шүүхийн шийдвэр гарах: Нийслэлийн Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдоно (ЗЗНДНТУХ 64.2.1).
- Шийдвэр гаргах: Ерөнхий сайд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн огцруулах шийдвэр гаргана (ЗЗНДНТУХ 64.3).
- Мэдэгдэх, дахин томилох: Ерөнхий сайд шийдвэрээ НИТХ-д нэн даруй мэдэгдэх ба НИТХ 15 хоногийн дотор шинээр нэр дэвшүүлнэ (ЗЗНДНТУХ 64.3).
Мөн Засаг даргад хариуцлага тооцохдоо (65.1-д заасан Хурлын шийдвэр биелүүлээгүй, үүргээ хангалтгүй биелүүлсэн, Ерөнхий сайдын даалгавар биелүүлээгүй тохиолдолд) шууд огцруулахаас гадна Ерөнхий сайд өөрийн санаачилгаар эсхүл НИТХ-ын саналаар дараах сахилгын шийтгэлийг шат дараалан хэрэглэх хуулийн зохицуулалттай:
- Сануулах (65.3.1)
- Үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах (65.3.2).
Тэгэхээр Х.Нямбаатар даргын кэйс нь дээрх 5 нөхцөлийн 4 дэх нь буюу “Ерөнхий сайд Хотын даргыг шууд огцруулах” нөхцөл болж байна. Энэ нь түүхэндээ анх удаа Ерөнхий сайд нь Хотын даргыг шууд огцруулж байгаа тохиолдол аж.