Mонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ,
“Анх сонсчхоод итгээгүй юм. Нэг жилд 700 мянган хятад жуулчин Монгол руу орж чадахгүй, хилийн багана дээр зургаа авхуулаад буцдаг гээд. Газар дээр нь очиж үзлээ, үнэхээр бодит юм байна. 4.2 сая жуулчин ирдэг болчхож.
Тэгээд хятадууд нь 50 юанийн хураамжийг нэг жуулчнаас аваад зүгээр л зураг дардаг. Тэр нь 4.3 сая доллар болж байгаа юм. Тиймээс Ганцмод-Гашуунсухайт Шивээхүрэнгийн энэ чиглэлийг аялал жуулчлалтайгаа холбо.
Аялал жуулчлалын компанитай нь хатуу гэрээтэй, хяналтаа тодорхой хэмжээнд тавьчихдаг. Хил орчмын аялал жуулчлал гээд байгаа чинь тэр. Хамгийн гоё, үзэсгэлэнтэй байгаль нь Монголын талдаа байдаг” гэв.
Хэрэв түүний хэлсэн, ярьсан ажил хэрэг болбол жилд 4.2 сая хятад жуулчин биш юм гэхэд 700,000 хятад жуулчин урд хил дагуу аялахаар манай улсад ирнэ гэсэн үг.
Одоо мөрдөгдөж буй виз олгох журам, зохицуулалтаар БНХАУ-ын жуулчид цахимаар визээ мэдүүлнэ. Визийн хүчинтэй хугацаа 150 хоног. Монголд байх хугацаа 30 хоног. Ангилал К2, хоёр хоногт хянан шийдвэрлэнэ. Төлбөрийн хувьд 60 орчим доллар буюу монгол мөнгөөр 216,000 төгрөг.
Нөгөө талд “яагаад буцаж байна вэ” гэх асуулт гарч ирнэ. Гэвч манай талаас ямар нэг квот, хязгаар тогтоодоггүй юм байна. Өөрөөр хэлбэл, жуулчин визтэй байх, зорчих зорилго нь визийн ангилалтайгаа тохирох, хилээр нэвтрэх хуульд заасан шаардлагыг хангах ёстой гэдэг шаардлагыг л тавьдаг аж.