Б.Найдалаа өнгөрсөн дөрөвүгээр сарын 03-ны өдөр Эрчим хүчний сайдаар томилогдсон. Түүнээс хойш даруй таван сарын хугацаа өнгөрч байна. Сайд асан Б.Чойжилсүрэнтэй харьцуулахад тэр харьцангуй нам гүм байлаа. Харин өгчигдөр “дэбют”-ээ хийв.
Нийгмийн сүлжээнд цацагдсан тус бичлэг мэдээж шүүмжлэл дагуулж байна. Хөнгөн хүлээж авах хэсэг ч байна. Энэ бол аль ч сэдэв дээр харагддаг, байдаг л зүйл. “Талцахгүй бол сонирхолгүй” гэдэг зарчим үйлчилсээр удаж байгаа шүү дээ. Гэхдээ үр дүнгүй. Уг асуудал дээр ч шуураад л өнгөрөх болов уу.
Улстөрчид, гишүүд, сайд нар гоё ганган, сүржин тавилттай бичлэгүүдээр “бөмбөгдөх” болоод удаж байна. Энэ чиглэлд Ерөнхийлөгч манлайлдаг. Харин энгийн, амьдралтай гэдэг агуулга шингээсэн бичлэг хийхдээ бүгд тааруу. Яг л Б.Найдалаа шиг бүдэрцгээдэг. Амьдралаас хол тасарснаа баталж буй хэрэг.
Энгийн харагдах, амьдрал мэддэг юм шиг жүжиглэх гэдэг улстөрчдийн чадахгүй байгаа ганцхан зүйл. Тэд энэ ойлголтыг зах дээр очих, гэр хорооллоор явах, малчидтай уулзах, гар барих, худлаа инээх гэж ойлгодог.
Сайд Б.Найдалаагийн хувьд намар, өвлийн хүнд саруудад дүнгээ тавиулна. Шатахуун хомсдож, хязгаарлалт хийж байгаа шиг бид эрчим хүчний дутагдалд орох эсрдэлтэй. Тэр үед Г.Дамдинням руу одоо чиглэж байгаа шиг “гал” түүн рүү очно. Энэ бичлэг ч давхар сөхөгдөх нь лавтай!