Ардчилсан намын”4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал боллоо. АН-ын зүгээс “Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл ба нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд мэдээлэл хийв.

Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан НБД Г.Лхагвадорж:
Энэ бол товчхондоо 2027 оны сонгуульд зориулсан сонгуулийн төсөв. 10 их наядаар төсвийн зарлагаа тэлээд оруулаад ирлээ. Өнөөдөр 2026 оны наймдугаар сард төсөв нь 3 их наяд хүртлээ тасарчихсан байгаа 33 их наядынх нь орлого хаанаас орж ирэх нь мэдэгдэхгүй байгаа энэ улс ирэх жил 43 их наядтай, 32 хувийн өсөлттэй төсвийг оруулж ирсэн байна.
Энэ төсөв өөрөө цэвэр иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв болно. АН-ын зүгээс үнийн өсөлтөд нэрвэгдээд байгаа иргэдийнхээ аж амьдралыг шийдвэрлэхэд анхаарсан төсөв оруулж ирээч ээ, бодлого гаргаач ээ гэдэг ганцхан шаардлага тавьсан. Гэтэл улам хүнд байдалд оруулах гэж байна. 10 жилийн өмнө мах кг нь 7,000 төгрөг байсан. Өнөөдөр 33,000 төгрөгөөр авч байна. Авч ч чадахгүй байна. Зах руу гараад үзэх хэрэгтэй.
Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих гэж байна. Оюу толгойгоос орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энд ямар нэг дарга урдуур нь ороод, төсөв оруулж ирээд станц, ямар нэгэн дэд бүтцийн төсөл барих ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн тусгай заалт дээр энэ тодорхой байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
2027 оны төсөв есөн шид нь бүрдсэн тийм л төсөв болсон. “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэдэг шиг энэ улсын төсөв, төрийн өмчин компаниудын төсвийг харах юм бол сүүлийн 10 жил Монгол оронд мөнгөгүй биш мөнгөтэйн зовлонг эдэлсэн.
Саяхан 2024 онд Засгийн газар 14 мега төсөл , нийслэл 24 мега төсөл ярьсан. Ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан. МАН-ын сүүлийн гурван сонгуулийн мөрийн хөтөлбөрийг үзвэл тэнд биелсэн зүйл байхгүй.
Үе үеийн Засгийн газар “пи ар”-аар ажлаа хийдэг болсон. Урьдчилж зарладаг болсон. Тооцооллоо буруу тооцдог болсон. Үр дүнд нь иргэдийн амьдрал, худалдан авах чадвар муудаж байна. Өнөөдөр Засгийн газрынхан тэрбумаар ярихаа больсон. Их наядаар ярьдаг болсон. Дагаад улсын төсөв нь тэлж байгаа.
