Соёлын сайд асны соёлгүй эцэг 

2026-09-04
by

Чинбатын Номин гэх шаггүй бизнес эрхлэгч бүсгүй телевизийн салбараас улс төрд гэнэтхэн л шургалаад орчихсон. 2021 онд гэв гэнэт Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд болсон. Түүнээс хойш яг 4 жил, 4 сар, 20 хоног буюу 1601 хоногийг Соёлын сайд гэх албан тушаалд сууж өнгөрүүлжээ. 

Одоо тэрбээр мөн л сайдын суудал сэлгэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллахын сацуу, УИХ-ын гишүүн гэх сэнтийд залардаг. 

Тэгвэл түүний аав Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ий үүсгэн байгуулагч  Л.Чинбат 2026 оны 9 сарын 1-ний 23:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төв замд “Toyota Land-300” маркийн автомашинаараа таван адуу дайрч, хөнөөсөн гэх хэрэгт холбогдлоо.

Угтаа бол зургаан адуу дайрсан бөгөөд тав нь газар дээрээ үхэж, нэг адууны хөл нь гэмтэж, эмчлэх боломжгүй болсон байжээ. 

Л.Чинбат гуай ер нь л “дайрах” дуртай юм шиг байна. Эргэн сануулахад 2023 оны 6-р сард Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Гэвч уг хэрэг бүтэн жил гаруй хугацаанд шалгагдаж, Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/ гэх заалтаар яллагдагчаар татаж байсан. Гэтэл “хүнийг алах” гэх заалтыг нь хэрэгсэхгүй болгож, худал мэдээлэл тараасан гэх зүйлээр Л.Чинбатын зорчих эрхийг 2 сараар хязгаарласан билээ. 

Мөн тухайн үед машинд нь мөргүүлсэн гэх 2 залууг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татаж, бичлэгийг нь хийж түгээсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг 450 мянган төгрөгөөр торгох ял оноож байв.

15 хүүхэдтэй хөдөлмөрч айлын хүү, Хөдөлмөрийн баатар гэгдэх Л.Чинбат гуай 1962 онд төрсөн. Өдгөө 64 настай боловч намба суух нь битгий хэл ухаан ч суугаагүй өтөлж байгаа бололтой. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэгчээр түүний охин Ч.Номин ч төсвийн үр ашиггүй зардал, өндөр дүнтэй гэрээтэй холбоотой асуудалд одоо болтол нэр нь дурдагдаж яваа. Ч.Номингийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Mongol HD телевиз ажилчдынхаа цалинг цагт нь тавьдаггүй, НД-ын хур өртэй гэх асуудал ч саяхан дэгдсэн.

Энэ асуудлаар нь Ч.Номин хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ:

“Mongol HD телевизийн үйл ажиллагаанд оролцохоо болиод олон жил болж байна. Бүх л байгууллагуудын адилаар миний өмнө нь удирдаж байсан Mongol HD телевиз татвар, НДШ-ийн өртэй байгаа нь үнэн” гэсэн юм.

Ч.Номин уг нь хөрөнгө орлогоороо ажиллаж байсан үе үеийн Засгийн газрынхаа гишүүдийг тэргүүлдэг. Бүр УИХ-д суудалтай 126 гишүүнээс хөрөнгийн хэмжээгээр хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Гэхдээ л тэр хамаарал бүхий компанийнхаа цалин, НД-ын өр төлбөрийг шийдэх мөнгөгүй, сэтгэлгүй бололтой. 

Ташрамд, ослоор таван адуугаа алдсан иргэн хохирлын хэмжээгээ 40-50 сая төгрөг хэмээн тооцож буйгаа хэргийн эзэнд өмгөөлөгчөөр нь дамжуулж хэлэхэд  Л.Чинбат гуай “Хохирлын үнэлгээ өндөр байна” гэсэн аж. Таван адууны оронд таван хүн амиа алдсан бол яах байсан бол.

Юутай ч Соёлын сайд асны хөдөлмөрч аавын энэ удаагийн хэрэг хэрхэн шийдэгдэхийг харж л сууя.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Н.Учрал: Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтой

Next Story

Төсвийн тодoтгол I Ээлжит бус чуулган : Хэн юу хэлэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага