Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал уучлал хүсэж, холбогдох албан тушаалтнууд хохирлыг нөхөн төлүүлэх байр суурь илэрхийлэв. Харин байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулахын зэрэгцээ буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэж чадах болов уу.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр, түймэр улсын хилээс 45 км зайд орших Бичигтийн-Өндөр гэх газарт гарчээ.
Уг үйл явдлын өмнө “Мобиком” корпорац Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох ажил хийж, нээлтийн арга хэмжээнд нь компанийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи тэргүүтэй удирдлагууд, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нар оролцсон байдаг.

Хурандаа Б.Гантөгс энэ арга хэмжээнд оролцсон Хилийн боомтын захиргаа, “Мобиком” корпорацын удирдлага болон орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон аж.
Улмаар тус этгээдүүдийн зорчиж явсан автомашины доод хэсэгт гал гарч, хээрийн түймэр дэгджээ. Тодруулбал, “Nissan Patrol Y62” маркийн 9911УНН улсын дугаартай автомашины доод эд ангид хуурай өвс орооцолдож, шатсаны улмаас гал тархсан.
Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 587.7 мянган га талбайн 470 мянга орчим га буюу 80 орчим хувь нь түймэрт өртсөн бөгөөд түймрийг цурамд оруулсан ч бүрэн унтрааж чадаагүй байна.
Нөмрөгийн дархан цаазат газар нь Уссурын хандгай, халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдын амьдрах орчин юм. Ийм хэмжээний газар нутгийг хамарсан түймэр нь зөвхөн шатсан талбайгаар хэмжигдэхгүй, байгалийн экосистемд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Түймрийн дараа “Мобиком” корпорац мэдэгдэл гаргахдаа хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл авсан гэдгээ тайлбарлаж, түймэр гарсанд харамсаж буйгаа илэрхийлсэн боловч эхний мэдэгдэлдээ уучлал хүсээгүй нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Шилэн кабелийн нээлтэд оролцоод хот руу буцсан, түймэр гарсан газарт явсан хүмүүстэй хамт байгаагүй” гэж тайлбарласан. Харин Хил хамгаалах ерөнхий газар аравдугаар сарын 13-нд гаргасан мэдэгдэлдээ “Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг холбогдох хүсэлт, хууль тогтоомжийн дагуу олгосон бөгөөд хурандаа Б.Гантөгс хамт зорчоогүй” гэж өмөөрөнгүй мэдэгдэл гаргаад буй.

Олон нийтийн шүүмжлэлийн дараа “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи аравдугаар сарын 14-нд видео мэдэгдэл гаргаж, байгаль орчинд хохирол учирсанд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ уучлал хүсэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр хариуцлагаас зайлсхийхгүй, байгаль орчныг нөхөн сэргээх ажилд оролцоно гэж мэдэгджээ.
Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн, Шадар сайд Н.Номтойбаяр нар түймрийн хохирлыг тооцож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж мэдэгдээд буй.
Гэвч дан ганц хохирол нөхөн төлүүлээд өнгөрөх бус, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж чадах уу гэдэг асуулт гарч ирж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд зааснаар
- Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорино.
- Их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорино гэж байна.
Мөн 24.9 дүгээр зүйл буюу Байгалийн тэнцэл алдагдуулах гэсэн хэсэгт “экологийн тогтолцоог алдагдуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорино” гэж тусгажээ
Тэгэхээр дор хаяж 2-15 жилийн хорих ялтай гэмт хэрэг байх нь.
Мэдээж хорих ял авлаа гээд нөхөн төлбөр төлөхгүй байна гэсэн үг биш. Экологийн хохирол, байгалийн нөөцөд учирсан хохирол, эд материалын хохирол болон түймэр унтраахад гарсан зардлыг холбогдох аргачлал, үнэлгээнд үндэслэн тооцох биз.
Нөмрөгийн дархан цаазат газарт 2023 оны дөрөвдүгээр сард мөн томоохон түймэр гарч, тухайн үед 447 мянган га талбай шатаж, хохирлын хэмжээг 3.46 тэрбум төгрөг гэж үнэлж байв.
Тиймээс хоосон уучлалт, харамслын оронд буруутай этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу чанга хариуцлага оноох хэрэгтэй. Мөн хилийн бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зайлшгүй шаардлага байсан эсэх болоод зөвшөөрөл олгосон нөхцөл байдал нь хуульд нийцсэн эсэхийг нягтлах шаардлагатай байна.