Дэлхийн томоохон мэдээллийн байгууллагуудын нэг Al Jazeera телевизийн 101 East эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн тухай “Murder in Malaysia: Justice for Altantuya Shaariibuu” нэртэй 48 минутын баримтат кино бүтээжээ. Тус бүтээлээ 2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр албан ёсны цахим хуудас болон YouTube сувагтаа нийтэллээ.
Одоогоос 20 жилийн өмнө, 2006 оны аравдугаар сард Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяа Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан. Түүнийг Малайзын цагдаагийн тусгай хүчний хоёр алба хаагч хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай “С4” тэсрэх бодисоор устгасан хэрэг олон улсын анхаарлыг татсан юм.
Уг хэрэгт хоёр цагдааг ял шийтгэсэн хэдий ч аллагын жинхэнэ шалтгаан, хэргийг захиалсан этгээд байсан эсэх, төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон эсэх асуудал өнөөдрийг хүртэл бүрэн тайлагдаагүй хэвээр байна.
Al Jazeera-ийн эрэн сурвалжлах баг Монгол, Малайз, Франц, Австрали гэсэн дөрвөн улсад ажиллаж, хэргийг тойрсон улс төрийн нөлөөлөл, шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй нөхцөл байдал, Малайзын шумбагч онгоц худалдан авахтай холбоотой авлигын сэжиг, мөн хэргийг үйлдсэн цагдаа нарын мэдүүлэгт дурдагдсан ноцтой асуудлуудыг судалжээ.
Баримтат кинонд Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн нэртэй холбоотой мэдүүлэг, баримтуудыг авч үзсэн бөгөөд тэрбээр уг аллагад ямар нэгэн оролцоотой байсан гэх мэдэгдлийг эрс няцаасаар ирсэн. Эдгээр мэдэгдлийг шүүхээр эцэслэн тогтоогдсон баримтаас ялгаж үзэх шаардлагатай юм.
20 жилийн турш үнэнийг тогтоолгохоор тэмцэж буй С.Шаарийбуу гуайн түүх баримтат киноны гол цөмийг бүрдүүлж байна.
2026 оны нэгдүгээр сард Малайзын Давж заалдах шатны шүүх талийгаачийн ар гэрт олгохоор шийдвэрлэсэн таван сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.4 сая болгон бууруулж, Малайзын Засгийн газрыг хоёр цагдаагийн үйлдлийн төлөө иргэний эрх зүйн хариуцлага хүлээхгүй гэж үзсэн. Ар гэрийнхэн уг шийдвэртэй холбоотойгоор Холбооны шүүхэд хандаад байгаа бөгөөд давж заалдах зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2026 оны аравдугаар сарын 27-нд хэлэлцэхээр товложээ.
Энэ оны гуравдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар С.Шаарийбуу гуайг хүлээн авч уулзан, хууль эрх зүй, дипломат харилцааны хүрээнд дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Үүний хүрээнд гуравдугаар сарын 18-нд Засгийн газрын ажлын хэсэг байгуулж, холбогдох байгууллагуудын оролцоог хангах арга хэмжээ авсан.
Баримтат киноны төгсгөлийн хэсэгт Монголын талаас шударга ёс, хариуцлагын асуудлыг хөндөж, Ш.Алтантуяагийн ар гэрийн тэмцэлд төрийн дэмжлэг үзүүлэх шаардлагыг онцолсон нь уг хэргийг зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл бус, иргэний эрхийг хамгаалах, хууль дээдлэх ёс, төрийн хариуцлагын асуудал болохыг харуулж байна.
Г.Занданшатар баримтат кино нийтлэгдсэнтэй холбогдуулан “Шударга ёсны төлөөх тэмцэлд С.Шаарийбуу гуай ганцаараа зогсох ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлж, олон нийтийг #JusticeForAltantuya хаштаг дор нэгдэн, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан байна.
Харин С.Шаарийбуу гуай энэ оны гуравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Би үнэний төлөө явж байна. ‘Уучлаарай’ гэж хэлүүлэхийг хүсэж байна” хэмээн хэлж байв.
20 жилийн хугацаанд энэ хэрэгт холбоотой олон шүүхийн шийдвэр гарсан ч охиноо алдсан эцгийн хариулт нэхсэн асуултууд бүрэн тайлагдаагүй байна. Al Jazeera-ийн шинэ баримтат кино эдгээр асуултыг олон улсын анхаарлын төвд дахин авчирч, Ш.Алтантуяагийн хэрэгт үнэн зөвийг бүрэн тогтоох, хариуцлага хүлээх ёстой бүх этгээдийн асуудлыг хууль ёсны, хараат бус ажиллагаагаар шийдвэрлэх шаардлагыг дахин сануулж байна.