Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь түймэрт өртсөн. Эл харамсалтай үйл явдалд Мобиком корпораци хуулийн хариуцлага хүлээнэ.
Хохирлыг томилогдсон ажлын хэсэг 30 хоногийн дотор тогтоох учиртай. Хууль нь ийм. Одоогоор хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, мэргэжилтнүүд тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй. Хохирлын хэмжээ тогтоогдсоны дараа хуулиар ямар хариуцлага хүлээх вэ гэдэг тодорхой болно.
Тэгвэл манай улсын иргэн Монголын дархан цаазат газартай дүйцүүлэн авч үзэж болох Японы үндэсний паркийн тусгай хамгаалалтын бүс Фүжи ууланд гал алдаж, ой хээрийн түймэр гаргасан бол Японы хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Японд болгоомжгүйгээс бусдын ойг шатаасан тохиолдолд 500 мянган иен хүртэл торгох, харин бусдын ойд санаатай гал тавьсан бол хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай. Энэ нь Японы Ойн тухай хуулийн 203, 202 дугаар зүйлд тус тус заасан хариуцлага юм.
Мөн Фүжи уул нь Фүжи-Хаконэ-Изу үндэсний паркийн нутагт багтдаг. Уулын тавдугаар өртөөнөөс дээших хэсэг болон Аокигахара ойг байгалийн паркийн тухай хуулиар тусгай хамгаалалтын бүсэд хамруулсан байдаг.
Японы Байгалийн паркийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт үндэсний паркийн тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр гал түлэх зэргийг хориглосон. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 82 дугаар зүйлээр нэг жил хүртэл хугацаагаар хорих ял эсвэл нэг сая иен хүртэл торгууль ногдуулах боломжтой. Харин тухайн этгээд компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор зөрчил гаргасан бол хуулийн 87 дугаар зүйлд заасан нөхцөлөөр компанид мөн торгууль ногдуулж болно.
Гэхдээ түймэр гарсан бүх тохиолдолд дээрх ялыг шууд оногдуулахгүй. Гал санаатай тавьсан уу, болгоомжгүйгээс алдсан уу, ой шатсан эсэх, тухайн газар ямар хамгаалалтын ангилалтай вэ гэдгээс хамаарч холбогдох хуулийн зүйл заалт үйлчилнэ.