Арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн МАН-ын бага хорооны хурал болно. Тус хурлаар Нийслэлийн МАН-ын хороо шинэ даргаа сонгоно. Одоогоор Хотын дарга асан Х.Нямбаатар дарга хэвээр байгаа. Түүний оронд одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгох юм. Мөн Х.Нямбаатарын хүмүүс гэгддэг Чингэлтэй дүүргийн засаг дарга Л.Мандуул болон Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөх тогтоол гараад байгаа.
Авлигатай тэмцэх газраас Х.Нямбаатарыг яллагдагчаар татан шалгаж эхлээд буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах…” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин тэрбээр суралцаж байгаа нэрээр Канадад суурьшиж байгаа бөгөөд “удахгүй Монголд ирж шалгуулна, ирэх өдрөө зарлана” гэж мэдэгдээд байна.
Мөн түүнийг хотын дарга байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зэрэг үндэслэлээр иргэдийн төлөөлөл Цагдаагийн байгууллагад хандаж, удаа дараа мэдээлэл хийж, баримт дэлгэсээр байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч татагдан орж, сэдэв өргөн хүрээг хамарлаа.
АТГ-т дуудагдсан, иргэдийн эрх ашгийг хөндсөн, хэвлэлийнхэнтэй нийлсэн зэрэг үндэслэл түүнийг нам ч үгүй болгох вий гэх агуулга ч яригдаж байна.