“Лааны гэрэлд хичээлээ хийдэг байлаа шүү дээ” гэж ярьдаг байсан аав, ээж, эмээ, өвөөгийн итгэхэд бэрх түүх эргэн давтагдах нь цаг хугацааны асуудал болоод байна. Монгол Улс жилдээ 11-12 тэрбум кВт.ц цахилгаан хэрэглэдэг. Хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж байгаа ч дотоодын үйлдвэрлэл үүнийг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс нийт хэрэглээнийхээ 1/5 орчмыг импортоор нөхөж байгаа нь эрчим хүчний салбарын эмзэг байдлыг харуулдаг. Дотооддоо чармайгаад, гаднаас импортлоод ч цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ арай ядан аргацааж буй эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагаанд эрсдэл үүсэх хэмжээнд хүрээд байна.
Учир нь, эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9,317 ажилтнаас 28 байгууллагын 6,600 ажилтан ажил хаях санал асуулгад оролцож, 94.9 хувь нь ажил хаялтыг дэмжээд буй.
Нэг өдөр байтугай нэг цаг тог тасрахад, “өөрийгөө өвөл гээд бодчихсон зун”-ы эхэн сард халаалт зогсоход ямар хэцүү байдаг билээ. Гэтэл биднийг аль чадлаараа цахилгаантай, дулаантай, устай байлгаж буй салбарын амин чухал ажилчид ажлаа хаячихвал юу болох бол.
Ажилчид яагаад ийм шийдвэр гаргах болов гэсэн асуултын хариулт нь зөвхөн цалинд биш юм. Харин олон жил хуримтлагдсан тарифын бодлого, санхүүгийн алдагдал, төрийн өмчит компаниудын удирдлагын асуудал, хүний нөөцийн хомсдол зэрэг хэд хэдэн асуудал давхар хуримтлагдсаны үр дүн гэж хэлж болно. Ганцхан баримт дурдахад, эрчим хүчний үнэ тарифыг олон жил бодит өртгөөс доогуур барьсны улмаас төрийн өмчит эрчим хүчний компаниудын алдагдал 600 тэрбум төгрөгт хүрээд буй.
Мөн салбарын сайдынх нь мэдээллээр, эрчим хүчний салбарын ажилчны дундаж цалин 3.7 сая төгрөг бөгөөд энэ нь улсдаа уул уурхайн салбарынхны дараа орох өндөр үзүүлэлт гэх. Гэвч тус салбарын үйлдвэрчний эвлэлийн мэдээллээр энгийн инженер, цахилгаанчин сард 1.5-2 сая төгрөгийн цалин авдаг гэнэ.
Тиймээс 2026 оны 1-р сард Эрчим хүчний салбарын 2026-2027 оны тарифын хэлэлцээрийг хийж,
- Салбарын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх,
- Цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцох
- Нийгмийн баталгааг сайжруулах зэрэг 12 заалт бүхий саналыг ҮЭ-ийн холбооноос салбарын яам, ажил олгогчдод өгсөн байна.
Улмаар талууд албан ёсны хэлэлцээрийг 3 удаа, албан бус уулзалтыг 1 удаа хийсэн ч ажил олгогч талаас цалин хөлсийг нэмэх боломжгүй гэх байр суурийг удаа дараа илэрхийлснээр хэлэлцээр амжилтгүй болсон байдаг.
Ингэж явсаар өнгөрөгч 4-р сард эрчим хүчний салбарын 17 орчим байгууллагын 300 гаруй ажилтан Сүхбаатарын талбайд цуглаж, цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавин, тайван жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт зарлахаа анх сануулж байв. Дахин 6-р сарын 19-нд мэдээлэл хийхдээ ажил хаялтыг улс орон даяар зарлахаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Ийнхүү 10 хоногийн дараа буюу 6-р сарын 29-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ өнөөдөр буюу 6-р сарын 30-ны өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ ширүүхэн мэдэгдээд байв.
Гэтэл хэдэн сар цалин нэмэх боломжгүй гэж байсан Эрчим хүчний яамнаас цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлжээ. Ингэснээр дахин хэлэлцээр хийх боломж бүрдсэн тул үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг ирэх долоодугаар сарын 2-ны өдөр хүртэл 48 цагийн хугацаатай хойшлуулахаар боллоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа
Болдог бол цалинг 30, 50, бүр 100 хувь ч нэммээр байна. Гэвч байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй. Мөн цалинг жигд нэмэхгүй. Өөрөөр хэлбэл, харьцангуй өндөр цалинтай захирлууд, захиргааны болон арын албаныхны цалинг энэ удаад нэмэхгүй, харин яг талбар дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилчид, ачаалал ихтэй, цалин багатай залуу боловсон хүчний цалинг нэмэх бодлого барина.
Эрчим хүчний салбарын ажил хаялт бол зөвхөн хөдөлмөрийн маргаан биш. Харин эрчим хүчний салбарын удирдлага, тарифын бодлого, төрийн өмчит компаниудын засаглал, цалингийн шударга тогтолцоо зэрэг олон асуудлыг нэг дор ил болгосон үйл явдал юм.
Өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн үед шийдэгдээгүй энэ асуудал өнөөдөр шинэ сайд Б.Найдалаагийн ширээн дээр ирээд байна. Ажил хаялтыг 48 цагаар хойшлуулсан нь асуудал шийдэгдсэнийх биш, харин талууд дахин ярилцах хугацаа авсны илрэл. Хэрэв энэ хугацаанд бодит шийдэл гарахгүй бол эрчим хүчний салбарын хуримтлагдсан зөрчил дахин ил гарах нь цаг хугацааны асуудал болж мэдэхээр байна. Харин монголчууд, эрчим хүчний салбарынхан Б.Найдалаа сайдад найдаж болох болов уу?