I. Тогтолцооны шинэ суурь
УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны 6-р сарын 28-нд болж, 13 тойргоос 78, намын хаалттай жагсаалтаар 48 гишүүн буюу нийт 126 гишүүн сонгогдсон. Сонгуулийн үр дүнд дөрвөн улс төрийн нам, нэг эвсэл УИХ-д суудалтай болсон нь Монголын ардчиллын түүхэнд хамгийн олон намын төлөөллөөс бүрдсэн парламентыг бүрдүүлсэн.
| Нам, эвсэл | Сонгогдсон гишүүд | ||||
| Тойрог | Жагсаалт | Нийт | Хувь | ||
| Монгол Ардын нам | 50 | 18 | 68 | 54.0% | |
| Ардчилсан нам | 26 | 16 | 42 | 33.3% | |
| ХҮН нам | 2 | 6 | 8 | 6.3% | |
| Үндэсний эвсэл | – | 4 | 4 | 3.2% | |
| Иргэний Зориг Ногоон нам | – | 4 | 4 | 3.2% | |
| НИЙТ | 78 | 48 | 126 | 100% | |
Ийнхүү өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө буюу 2024 оны 7-р сарын 2-нд болсон анхдугаар чуулганаар гишүүд тангаргаа өргөж, 2024-2028 оны парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа яг талдаа ороод байна.
Шинээр бүрэлдсэн парламент хоёр жилийн өмнөх анхны гараан дээрээ эерэг сэтгэгдэл, хүлээлтээр дүүрэн байв. Таван улс төрийн нам, эвслийн хүчний тэнцвэрээс гадна шинэ-хуучин, тойрог-жагсаалт, нийслэл-орон нутаг гэх өөр нэг шинэ хүчний хуваарилалт бий болсон. Олон нам, гурван өөр үе, салбар бүрийн төлөөлөл, нийслэл-орон нутгийн хүчний харьцаа шингэсэн шинэ УИХ том төслүүдийг хөдөлгөх суурь болж чадна. Өмнөх 76 шиг 126 гишүүнийг багцалж нөлөөлөх боломжгүй болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн эерэг талыг харууллаа. Энэ нь Засгийн газар, төрийн бодлогын тогтвортой байдлын суурь болно гэж улс төр судлаачид дүгнэж байлаа. Мөн шинээр бүрэлдсэн парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон, нийт гишүүдийн 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсон.
Тэгвэл бүрэн эрхийнхээ талд хүрээд буй 2024-2028 оны УИХ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар үр дүнд хүрэв. Тэд итгэж сонгосон иргэдийнхээ хүлээлтэд хүрч чадаж байна уу?
II. Хүлээлт ба бодит байдал
Хариултыг “Засгийн газар тогтвортой байж, төрийн бодлого залгамж чанартай үргэлжилж чадсан уу” гэх асуултаар эхэлье. Хариулт нь үгүй. Монголын төр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван УИХ-ын дарга, гурван Ерөнхий сайд, Засгийн газрын нүүр үзээд байна.
| УИХ-ын дарга | Бүрэн эрхийн хугацаа | ||
| Эхэлсэн | Дууссан | Хоног | |
| Д.Амарбаясгалан | 2024-07-02 | 2025-10-17 | 472 хоног |
| Н.Учрал | 2025-11-20 | 2026-03-30 | 130 хоног |
| С.Бямбацогт | 2026-04-03 | Одоог хүртэл | 90 хоног |
| Ерөнхий сайд | Бүрэн эрхийн хугацаа | Засгийн газар | ||
| Эхэлсэн | Дууссан | Хоног | ||
| Л.Оюун-Эрдэнэ | (2021-01-27)2024-07-10 | 2025-06-03 | (1588 хоног)328 хоног | МАН-АН-ХҮН |
| Г.Занданшатар | 2025-06-13 | 2026-03-30 | 290 хоног | МАН-ХҮН-ИЗНН |
| Н.Учрал | 2026-03-30 | Одоог хүртэл | 94 хоног | МАН-ХҮН-ҮЭ |
126 гишүүнтэй УИХ-аас хүлээж байсан төрийн тогтвортой байдал бодит байдал дээр биеллээ олсонгүй.
2024.07.02: Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар томилогдов
Шинээр бүрэлдсэн УИХ-ын анхны даргаар Д.Амарбаясгалан сонгогдов.
2024.07.10: Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдав
Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн үр дүнд хамгийн олон суудал авсан хоёр нам (АН, ХҮН)-ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан.
2025 оны 5 сар: О.Тэмүүлэнгийн скандал дэгдэв
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн жирийн иргэдийн амьдралаас хол тасарсан амьдралын хэв маяг, найз охиндоо бэлэглэсэн үнэтэй бэлэгнүүдийн тухай мэдээлэл ил болж, олон нийтийг бухимдуулав.
2025.05.14: “Огцрох амархан” жагсаал эхлэв
Залуусын бухимдал дээд цэгтээ хүрч, Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардсан тайван жагсаал Сүхбаатарын талбайд эхлэн 21 хоногийн турш үргэлжилсэн.
2025.06.03: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцров
Иргэдийн шахалтаар УИХ-ын чуулган Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонх нь итгэл үзүүлэхгүй гэж шийдсэнээр Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар огцров.
2025.06.13: Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдов
Уналтад орсон засаглалыг тогтворжуулахаар Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн МАН-ХҮН-ИЗНН хамтарсан шинэ Засгийн газрыг байгуулав.
2025 оны намар: МАН-ын дотоод зөрчил идэвхжив
МАН-ын дараагийн даргаар Ерөнхий сайд Г.Занданшатар сонгогдох хүлээлт бий болоод байх үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын өрсөлдөөнд өөрийн нэрийг дэвшүүлсэн нь эрх баригчдыг талцал, тэмцэлд түлхэн оруулав.
025.09.30: Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэхээ зарлав
Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ дагуу ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэхээ зарласан. Тэрээр энэ үеэрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт холбогдсон талаарх мэдэгдлийг хийсэн нь намын хагарал, зөрчил улам хурцдах нөхцөл болсон.
2025.10.07: Г.Занданшатарыг огцруулах эхний оролдлого
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цуглуулан УИХ-д өргөн мэдүүлэв.
2025.10.08: Д.Амарбаясгаланг ч түдгэлзүүлнэ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичиг боловсруулсан болохоо танилцуулав.
2025.10.10: Д.Амарбаясгаланг үүрэг ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавив
УИХ-ын даргыг түдгэлзүүлэх өмнөх албан бичгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал болгон өөрчилж, 67 гишүүн (МАН-34, АН-2, бусад нам, эсвэл-2) дэмжиж гарын үсэг зурав.
2025.10.16: Х.Булгантуяа шөнөжин УИХ-ын чуулганыг ганцаараа хуралдуулав
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахдаа Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн саналыг “дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалгав. Мөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг баасан гарагт хамруулсан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болов.
2025.10.17: УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарыг огцруулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг өдрийн дотор УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоол батлав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол баталагдсанл тооцсон. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганыг удирдан Ерөнхий сайдыг огцруулсныхаа дараа Г.Занданшатартай гар барьж “Уучлаарай. Миний хувьд муухай л юм” хэмээн уучлалт хүссэн.
2025.10.20: Ерөнхийлөгч хориг тавив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулсан 95 дугаар тогтоолд бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавив. Тус хориг нь УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны пүрэв гаригийн ирцийг баасан гаригт хамруулан шийдвэрлэсэн нь дэгийн хуулийг зөрчсөн, ТББХ-ны дэмжээгүй саналаар санал хураасан нь Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх асуудлуудыг үндэслэж байв.
2025.10.22: Үндсэн хуулийн цэцийн их суудлын шийдвэр
Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар хүсэлт гаргасан.
Цэцийн есөн гишүүн уг асуудлаар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Их суудлын 08 дугаар дүгнэлтээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тус хуралдааныг даргалахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж эцэслэн дүгнэв Улмаар Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар болсон.
2025.11.15: Н.Учрал МАН-ын даргаар сонгогдов
МАН-ын 31 дүгээр Их хурлаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учралыг 94.95 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар сонгов.
2025.11.20: Н.Учрал УИХ-ын даргаар томилогдов
МАН-ын шинэхэн дарга Н.Учрал УИХ-ын даргаар томилогдов.
2026 оны 2-р сар: Г.Занданшатарыг огцруулах хоёр дахь оролдлого
МАН доторх зөрчил дахин хурцдаж, Ерөнхий сайдыг дахин шахаж эхлэв. Улс төрийн гацаа хаврын чуулган руу шилжив.
2026 оны 3-р сар: Сөрөг хүчний шаардлага
Сөрөг хүчин АН-ын бүлгээс МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлыг давхар хийж болохгүй. Намын дарга парламент удирдах ёсгүй гэх улс төрийн акц эхлүүлсэн нь Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэх эргэлтийн цэг болов.
2026.03.27: Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгч, УИХ хүлээн авав
УИХ-ын хаврын ээлжит чуулган эхний өдрөөсөө гацаанд орж, улс төрийн хямрал үүссэн хүндрэлтэй цаг үед төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгч байгаагаа илэрхийлэв.
2026.03.30: Г.Занданшатар огцорч, Н.Учрал Ерөнхий сайд болов
УИХ-ийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дахин Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Н.Учрал нарыг нэг өдрийн дотор хамтад нь чөлөөлөв. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанд 116 гишүүн оролцож, 105 гишүүний дэмжсэн санал буюу 90.51 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилсон.
2026.04.03: С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдов
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон 114 гишүүнээс 103 гишүүний дэмжсэн саналаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгов.
Засгийн газрын тогтворгүй байдал, фракцуудын тохиролцоо нь гүйцэтгэх засаглалын бүтэц, бүрэлдэхүүнийг тасралтгүй өөрчлөхөд хүргэсэн.
III. УИХ-ын Засгийн газруудыг ээлж дараалан сэлгэж, сайд нарын томилгоо хийсээр бүрэн эрхийнхээ талтай золгов
Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн фракцуудын талцал, тохиролцооны огтлолцол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын бүтэц, бүрэлдэхүүнийг тасралтгүй өөрчлөх нөхцөл болж ирсэн. 2024 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардаагүй тоогоор нийт 42 УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн буюу сайдын албан тушаалыг ээлжлэн хашиж, “давхар дээл” өмссөн байна. Шинэ үндсэн хуулиар 126 гишүүнтэй болсон парламентын гурван гишүүн тутмын нэг нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд ямар нэг байдлаар хүрч, сайдын суудал хуваарилах улс төрийн тохиролцооны хэрэгсэл болсныг энэ тоо батална.
126 гишүүнтэй болсноор олон ургалч үзэл уралдаж, бодлогын реформ хийнэ гэсэн нийгмийн хүлээлт өнгөрсөн хугацаанд бараг л нурж байна. Бодит үнэнийг шулуухан хэлэхэд, энэ парламент бүрэн эрхийнхээ тал хугацааг өнгөрөөхдөө улс төрийн фракцуудын талцал, эрх мэдлийн маргаан, сайд нарын томилгооноос өөр улс орны хөгжилд жинтэй тусах дорвитой, бүтээлч ажил хуруу дарам цөөн хийжээ.
Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байгуулагдсан гурван Засгийн газрын бүрэлдэхүүн, тэдгээрийн улс төрийн тэнцвэр, гол сайд нарын сэлгээгээр нь ангилаад харцгаая.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар (МАН-АН-ХҮН хамтарсан засаг): 2024.07.10 – 2025.06.03
Парламентын сонгуульд хамгийн их санал авсан гурван намын хамтарсан Засгийн газар. Нэг талдаа, УИХ-ын нийт 126 гишүүний 118 гишүүн буюу парламентын 93.65 хувийн төлөөллийг хангасан ч нөгөө талдаа ямар ч хяналт, хариуцлаггүй, бараг хэмжээгүй эрхтэй гэж хэлж болохуйц Засгийн газар байв.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эвслийн намуудын амлалтыг багтаахын тулд түүхэн дэх хамгийн үрэлгэн, данхар төсвийг баталсан нь инфляцыг хөөсрүүлэх гол суурь болсон. Эцэст нь, макро эдийн засгийг цаасан дээр өсгөж чадсан ч жирийн иргэдийн халаасанд орох бодит орлогыг үнийн өсөлтөөс хамгаалж чадаагүй.
- Засгийн газрын бүрэлдэхүүн: 16 яам, 22 сайд
Ерөнхий сайд: Л.Оюун-Эрдэнэ (МАН) - Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: Л.Гантөмөр (АН)
- Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар сайд: Т.Доржханд (ХҮН)
- Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд: С.Амарсайхан (МАН)
- ЗГХЭГ-ын дарга: Н.Учрал (МАН)
- Хууль зүй, дотоод хэргийн сайд: О.Алтангэрэл (АН)
- Гадаад харилцааны сайд: Б.Батцэцэг (МАН)
- Сангийн сайд: Б.Жавхлан (МАН)
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа (АН)
- Батлан хамгаалахын сайд: С.Бямбацогт (МАН)
- Боловсролын сайд: П.Наранбаяр (ХҮН)
- Зам, тээврийн сайд: Б.Дэлгэрсайхан (МАН)
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: Ц.Туваан (АН)
- Эрчим хүчний сайд: Б.Чойжилсүрэн (МАН)
- Эрүүл мэндийн сайд: Т.Мөнхсайхан (МАН)
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: Ж.Энхбаяр (МАН)
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд: Л.Энх-Амгалан (МАН)
- Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайд: Ч.Номин (МАН)
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд: Ж.Батсуурь (АН)
- Цахим хөгжил, инновац, холбооны сайд: Ц.Баатархүү (АН)
- Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр (АН)
- Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн (АН)
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга (МАН)
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийг 2025 оны хаврын чуулганаар хэлэлцсэн бөгөөд биелэлт ердөө 30 хувьтай байсныг сануулъя.
Г.Занданшатарын Засгийн газар (МАН-ХҮН-ИЗНН хамтарсан засаг): 2025.06.13 – 2026.03.30
Түүний кабинет улс төрийн шилжилтийн эгзэгтэй үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, гадаад худалдааны ашиг болон уул уурхайн экспортын түүхэн өсөлтийг бий болгосон. Төсвийн зохицуулалтыг уян хатан хийж, гадаад валютын нөөцийг түүхэнд байгаагүй хэмжээгээр зузаатган, төгрөгийн ханшийг барьж чадсан нь тухайн үеийн эдийн засгийн гол ололт, амжилт юм. Хэдийгээр эдийн засаг 5-6 хувийн бодит өсөлтөө хадгалж, цаасан дээрх үзүүлэлтүүд эерэг гарсан ч төрийн оролцоо тэлсэн шүүмжлэл, намын дотоод фракцын тэмцлийн шуурганд огцорсон.
- Засгийн газрын бүрэлдэхүүн: 15 яам 19 сайд
Ерөнхий сайд: Г.Занданшатар (МАН) - Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: Н.Учрал (МАН) 2025.06.18 – 2025.11.20
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: Ж.Энхбаяр (МАН) 2025.11.25 – 2026.04.04
- Онцгой Байдлын алба хариуцсан Шадар сайд: С.Амарсайхан (МАН) 2025.06.18 – 2025.10.29
- Онцгой Байдлын алба хариуцсан Шадар сайд: Х.Ганхуяг (МАН) 2025.11.12 – 2026.04.04
- Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар сайд: Т.Доржханд (ХҮН)
- ЗГХЭГ-ын дарга: С.Бямбацогт (МАН)
- Хууль зүй, дотоод хэргийн сайд: Л.Мөнхбаатар (МАН) 2025.06.18 – 2025.10.24
- Хууль зүй, дотоод хэргийн сайд: Б.Энхбаяр (МАН) 2025.10.24 – 2026.04.04
- Гадаад харилцааны сайд: Б.Батцэцэг (МАН)
- Сангийн сайд: Б.Жавхлан (МАН)
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд: Б.Батбаатар (ИЗНН)
- Батлан хамгаалахын сайд: Д.Батлут (МАН)
- Боловсролын сайд: П.Наранбаяр (ХҮН)
- Зам, тээврийн сайд: Б.Дэлгэрсайхан (МАН)
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: Г.Дамдинням (МАН)
- Эрчим хүчний сайд: Б.Чойжилсүрэн (МАН)
- Эрүүл мэндийн сайд: Ж.Чинбүрэн (МАН)
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: Ж.Энхбаяр (МАН) 2025.06.18 – 2025.11.25
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: М.Бадамсүрэн (МАН) 2025.11.25 – 2026.04.04
- Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайд: Ч.Ундрам (МАН)
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд: Э.Бат-Амгалан (МАН)
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: Э.Батшугар (МАН)
Г.Занданшатарын Засгийн газрын гүйцэтгэлийг дүгнэх боломж хязгаарлагдмал байв. Учир нь, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн яг тэр өдөр нь Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нар хамтдаа ажлаа өгсөн. Улмаар бодлогын тайланг хэлэлцэх анхаарал бараг бүхэлдээ улс төрийн ээлжит сэлгээний мэдээнд дарагдаж өнгөрсөн билээ.
Н.Учралын Засгийн газар (МАН-ХҮН-ҮЭ хамтарсан засаг): 2026.03.30-нд ажилдаа орсон одоогийн Засгийн газар
Эрх баригч намын дарга болон Ерөнхий сайдын эрх мэдлийг гартаа нэгтгэсэн тэрээр хувийн хэвшлийг хүнд суртлаас ангижруулах, эдийн засгийг тэлэх амлалт бүхий “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, гүйцэтгэх засаглалыг илүү дайчин удирдахыг зорьж байна. Гэвч өмнөх үеүдээс өвлөгдөж ирсэн зээлийн олдоц хумигдсан санхүүгийн байдал, инфляцын дарамт болон үнийн өсөлтийн гол хүндрэлүүд нь түүний кабинетын гол сорилт болж буй. Тиймээс дэвшүүлсэн реформын санаачилгуудаа бодит ажил болгож, парламентаа томилгооны машинаас бодлогын талбар болгон өөрчлөх хамгийн хүнд сорилт түүний өмнө тулгарч байна.
- Засгийн газрын бүрэлдэхүүн: 16 яам 19 сайд
Ерөнхий сайд: Н.Учрал (МАН) - Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд: Ж.Энхбаяр (МАН)
- Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд: Н.Номтойбаяр (ҮЭ)
- Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд Т.Доржханд (ХҮН)
- ЗГХЭГ-ын дарга: Б.Энхбаяр (МАН)
- Хууль зүй, дотоод хэргийн сайд: С.Амарсайхан (МАН)
- Гадаад харилцааны сайд: Б.Батцэцэг (МАН)
- Сангийн сайд: З.Мэндсайхан (МАН)
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир (МАН)
- Батлан хамгаалахын сайд: Д.Батлут (МАН)
- Боловсролын сайд: Л.Энх-Амгалан (МАН)
- Зам, тээврийн сайд: Б.Дэлгэрсайхан (МАН)
- Аж Үйлдвэр, эрдэс баялгийн сайд: Г.Дамдинням (МАН)
- Эрчим хүчний сайд: Б.Найдалаа (ХҮН)
- Эрүүл мэндийн сайд: Э.Батшугар (МАН)
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: Ц.Идэрбат (МАН)
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд: Т.Аубакир (МАН)
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд. Э.Бат-Амгалан (МАН)
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд: Ч.Номин (МАН)
- Соёл, спорт, Аялал жуулчлал, залуучуудын сайд: Ж.Алдаржавхлан (МАН)
Н.Учралын Засгийн газар 2027 оны хаврын чуулганаар анхны тайлангаа хамгаална. Иймд “Чөлөөлье” санаачилгын бодит үр дүнг тоогоор үнэлэх боломж одоогоор хараахан бүрдээгүй байна.
IV. Хараат бус институтийн томилгоо
Парламентын дарга, Ерөнхий сайдын суудал тогтворгүй сэлгэж байх хооронд хараат бус институцийн томилгооны процесс хэрхэн явсныг тусад нь авч үзэх нь зүйтэй.
Авлигатай тэмцэх газар
УИХ Ерөнхийлөгчийн гаргасан саналаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилсон. Ингэснээр тэрээр хоёр дахь зургаан жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь АТГ-ын даргыг улируулан томилж буй анхны тохиолдол болсон бөгөөд З.Дашдаваа ажиллах хугацаандаа авлигын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой үр дүнтэй ажилласан гэж дүгнэсэн юм. Тухайлбал, 2020 оноос хойш гадаад улсаас 13.9 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад буцаан оруулж иржээ. Гэхдээ уг томилгоотой холбоотойгоор олон нийтийн зүгээс хүчтэй бухимдал байсан нь ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүд өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй яваа асуудал байв.
Улсын ерөнхий прокурор
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг мөн улираан томилох саналыг УИХ-д танилцуулж, 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн, дэмжсэн.
Үндсэн хуулийн цэц
Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог тогтолцоотой. УИХ-ын квотын хоёр суудал хоёр өөр шалтгаанаар суларсан. Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, харин гишүүн Л.Өлзийсайхан хугацаанаасаа өмнө УИХ-ын Тамгын газрын даргын албанд шилжсэн. Харин УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 6-р сард сул орон тоонууд дээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг санал болгосны дагуу УИХ-аар хэлэлцэн томилоод байна.
V. УИХ-аас баталсан чухал хуулиуд ба бодлогын шийдвэрүүд
УИХ хууль тогтоох үндсэн ажил, чиг үүргийнхээ хувьд өнгөрсөн хугацаанд тоймтой, үр дүнтэй гэж хэлэхүйц хууль, бодлогын шинэчлэлийн алхам огт хэрэгжүүлсэнгүй. Харин уламжлал ёсоор жил бүрийн төсвийн хэлэлцүүлгүүд хамгийн ихээр маргаан дагуулж, төсвийн тодотголуудаар үргэлжилсээр байна.
Ерөнхийлөгчийн хоригт хүлэгдэж, хуулийн хугацааны ард батлагдсан 2025 оны төсөв
Төсвийн тухай хуулийн дагуу УИХ жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх жилийн төсвийг эцэслэн батлах үүрэгтэй.
УИХ 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 35.8 их наяд төгрөгийн зарлагатай, 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай 2025 оны төсвийг яаравчлан баталсан. Энэ нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр зарлагатай, үрэлгэн төсөвт тооцогдож байв. Уг төсвийн хэт тэлэлт нь инфляцыг хөөсрүүлж, иргэдийн амьжиргаанд дарамт болно гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Парламент уг хоригийг хууль зүйн болон эдийн засгийн үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт зарлагаа танаж, алдагдалгүй шинэ төсөл боловсруулах чиглэл өгсөн.
Засгийн газар төсвийн зардлыг хумиж, дахин өргөн мэдүүлснээр УИХ 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орлого, зарлагыг нь тэнцүүлж, 33.7 их наяд төгрөг буюу алдагдалгүй байхаар 2025 оны төсвийг шинэчлэн баталсан юм. Ийнхүү Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байх үед парламент нь төсвөө хуулийн хугацаандаа баталж чадаагүй ичгэвтэр үйл явдал болж байв.
2025 оны төсвийн тодотгол
Ерөнхийлөгчийн хоригоос эмээж, 2024 оны 12 дугаар сард “алдагдалгүй” хэмээн хүчээр тэнцүүлсэн 33.7 их наяд төгрөгийн төсөв бодит амьдрал дээр хагас жил ч тэсээгүй юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар ажилдаа орсон даруйдаа 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д оруулж ирсэн. Тодотголоор төсвийн орлогыг 30.2 их наяд төгрөг, зарлагыг 31.5 их наяд төгрөг байхаар тооцож, улмаар төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэсэн. Сонирхолтой нь, парламент Засгийн газрынхаа оруулж ирсэн тодотголыг ямар ч шүүмжлэлгүйгээр баталж өгсөн нь хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглалдаа төсвөөр худалдагдсан уу гэх асуулт, шүүмжлэлийг дагуулсан удаатай.
Гишүүд багаа хуулж, жинхэнэ төрхөө харуулсан 2026 оны төсөв
2025 оны төсвийг алдагдалгүй баталлаа хэмээн Ерөнхийлөгчийн өмнө жүжиг тоглосон парламент 2026 оны төсөв дээр жинхэнэ төрхөө харуулсан. Тэд Г.Занданшатарын Засгийн газраас оруулж ирсэн 32.9 их наяд төгрөгийн зарлагатай, 1 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг ямар ч эсэргүүцэлгүй баталсан юм. Энэ нь “хэмнэлт хийе” гэх өмнөх жилийн уриа лоозон нь цэвэр популизм байсан бөгөөд эрх баригчид сонгуулийн дараах амлалт, фракцуудын шахааг санхүүжүүлэхийн тулд эдийн засгийн сахилга батыг дахин золиосолж эхэлснийг бэлхнээ илтгэсэн үйл явдал болсон.
Тэгвэл шинээр бүрэлдсэн Н.Учралын Засгийн газар одоогоор төсөв хэлэлцүүлж амжаагүй байна. Гэхдээ түүний Засгийн газар ирэх намар 2026 оны төсвийн тодотголыг өргөн барихаар болсон. Энэ нь тэдний бодлогын анхны том шалгуур, сорилт болно.
Н.Учрал хувийн хэвшлийг дэмжих, хүнд суртлыг халах “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлсэн. Тиймээс Г.Занданшатарын Засгийн газраас өвлөгдөж үлдсэн 8 их наядын хөрөнгө оруулалтын зардлыг ирэх намрын тодотголоор зоригтой танаж чадах уу, эсвэл хэвээр үлдээх үү гэдэг нь түүний үг, үйлдэл хоёрын зөрүүг шалгах гол хэмжүүр байх юм.
Сангийн сайд З.Мэндсайхан тодотголыг намар хүртэл хойшлуулж байгаа нь боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг цэгцлэх гэж мэдэгдсэн. Гэхдээ ирэх намар Н.Учралыг Засгийн газрыг нь огцруулах акц отож буй. Тиймээс нөгөө талаас нь харвал, төсвийн тодотголыг МАН-ын дотоод фракцуудад “бялуу хуваарилах” тохиролцооны хэрэгсэл болгох уу. Шулуухандаа төсвийн тодотголоор гишүүдийн кнопыг худалдан авч, ирэх намрын улс төрийн халуун өдрүүдийг давж гарах уу гэдэг талаас нь ажиглаж, хянах шаардлага үүсэж байна.
VI. Парламентын хяналт, шалгалт, хариуцлагын механизм ажиллаж байна уу?
Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн эхний хоёр жилд УИХ-ын хариуцлагын тогтолцоог сайжруулах хэд хэдэн оролдлого хийсэн нь нэг талаас эерэг шинж, нөгөө талаас энэхүү оролдлогын цаад шалтгаан, цаг хугацаа нь өөрөө асуулт төрүүлж буй.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай, ногоон автобус гэх хэрэгт оролцсон, холбогдсон гэх 20-иод УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт татагдсан тухай мэдээлсэн. Сүүлд, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх гэмт хэрэгт хэд хэдэн гишүүн шалгагдаж буй. Энэ асуудал дээр ард түмний хүлээлт маш энгийн. Энэ хүмүүст, хатуухан хэлэхэд УИХ дахь хулгайч нартаа парламент хэзээ хариуцлага тооцож, тэднийг байх ёстой газар руу явуулах вэ гэдгийн хариулт юм.
Гишүүдийг эгүүлэн татах хуулийн санаачилга
Д.Амарбаясгалан, Н.Учрал нар УИХ-ын даргаар ажиллах үед парламент энэ асуудал дээр огт хөдөөгүй. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх н УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барьсан нь гишүүдэд өөрсдөд нь гэнэтийн цочоо болсон. Уг хуулийн төсөл дээр нийгэм үндсэндээ хоёр хуваагдсан.
Нэг талд, хулгайд оролцсон асуудлаар гурван шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдсон хүн өнөөдөр УИХ-д шударга ёс, ёс зүй яриад сууж байгаа нь бодит үнэн. Тиймээс тус хууль батлагдсанаар хууль, шүүхийн өмнө эрх тэгш байдал бий болж, УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бодитоор ажиллаж, төрийн нэр хүнд сэргэнэ гэх хүлээлт бий.
Нөгөө талд, V-Dem институтийн судлаачид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгож буй эгүүлэн татах хууль нь “ардчиллыг бэхжүүлэх санаачилга” гэхээсээ илүүтэй эрх мэдлийг нэгтгэх, үгэнд ордоггүй гишүүдийг шийтгэх хэрэгсэл болж болзошгүй гэж дүгнэсэн.
Дэгийн өөрчлөлт
Тэгвэл 2026 оны тавдугаар сард УИХ-ын 12 гишүүн “Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Зорилго нь парламент бүрэн эрхийнхээ эхний хоёр жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, цаашид УИХ-ыг оновчтой, үр нөлөө, бүтээмжтэй, ил тод, эргэх холбоотой байлгах, гишүүдийг сахилга, хариуцлагатай, итгэл даахуйц тогтолцоонд оруулах явдал юм. УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдийн оролцоо, сахилга, хариуцлагыг сайжруулсны үр дүнд парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээхийг зорьж байгаагаа онцолсон. Мэдээж дэмжигдэх эсэх нь гишүүдийн кнопоор шийдэгдэнэ. Гэвч хэрэгжих эсэх нь дахиад л эргэлзээ болж байна.
VII. 2024 оны парламентын Олон улсын индексүүд: Хосолсон, заримдаа зөрчилтэй дүр зураг
Эцэст нь, энэ парламентын эхний хоёр жилийг дүгнэн харах хамгийн бодитой толь бол гаднын нүдээр биднийг хэмжсэн олон улсын индексүүд юм. Хоёр жилийн дотор гурван Засгийн газар сольж, төсвийн үрэлгэн бодлого явуулсан нь олон улсын үнэлгээнд ухралт болон бүртгэгдсэн бол, хувийн хэвшлийн, тэр дундаа технологийн салбарын олон амжилтууд, макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүд зарим индекс дээр ганц “гэрэл гэгээ” болж байна.
Монгол Улсын голлох найман индексийн 2024-2026 оны үзүүлэлтийг харьцуулан харвал.
| Олон улсын индекс | 2024 он | 2025 он | 2026 он | Ерөнхий хандлага |
| Авлигын төсөөллийн индекс (CPI) | 33 оноо (121-р байр) | 32 оноо (123-р байр) | 31 оноо (125-р байр) | ⬇️ Ухарсан |
| Хууль дээдлэх ёсны индекс (Rule of Law) | 0.47 оноо | 0.46 оноо | 0.45 оноо | ⬇️ Ухарсан |
| Дэлхийн засаглалын үзүүлэлт (Улс төрийн тогтвортой байдал) | -0.32 (Сөрөг) | -0.45 (Сөрөг) | -0.51 (Сөрөг) | ⬇️ Эрс муудсан |
| Хэвлэлийн эрх чөлөөний индекс | 73-р байр | 78-р байр | 82-р байр | ⬇️ Ухарсан |
| Дэлхийн өрсөлдөх чадварын индекс | 60-р байр | 62-р байр | 61-р байр | ⬇️ Ухарсан |
| Дэлхийн инновацын индекс (GII) | 70-р байр | 68-р байр | 65-р байр | ⬆️ Ахисан |
| Хүний хөгжлийн индекс (HDI) | 0.741 | 0.743 | 0.744 | ↔️ Тогтвортой |
| Дэлхийн аз жаргалын индекс | 61-р байр | 65-р байр | 69-р байр | ⬇️ Ухарсан |
126 гишүүнтэй болсон шинэ парламентын хоёр жилийн ойг дүгнэхэд дүр зураг тун тодорхой байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлж, намын жагсаалт оруулж ирсэн нь парламентын төлөөллийг солонгоруулсан хэдий ч төрийн бодлогын тогтвортой байдал, авлигаас ангижрах ард түмний хүсэлтийг шийдвэрлэж чадсангүй.
Бүрэн эрхийнхээ яг талд ороод буй энэ парламент үлдсэн хоёр жилдээ Засгийн газраа дахин огцруулах улс төрийн тоглолт хийх үү, эсвэл хариуцлагын хуулиудыг баталж, төсвийн үрэлгэн байдлаа хязгаарлаж бодлогын институт болж чадах уу гэдэг нь одоо тэдний кнопоос шалтгаална. Өнөөдөртөө бол 126 гишүүний кнопноос илүүтэй фракцуудын тохиролцоо л төрийн бодлогыг тодорхойлж байна.