Шатахууны хомсдол, түүнээс үүдэлтэй урт дарааллын асуудал нийслэл төдийгүй орон нутагт ч даамжирч байна. Салбарын сайд нь БНСУ-аас шатахуун нийлүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээр явсан гэх мэдээллийн ардаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам албан ёсны мэдээлэл хийлээ.
Сүүлийн саруудад үүсээд буй газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн асуудал нь Ойрх дорнод болон ОХУ-д үргэлжилж буй геополитикийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Түүнчлэн зуны аялал, амралтын улирал болон Үндэсний их баяр наадмын үеэр шатахууны хэрэглээ эрс нэмэгддэг нь урьдчилан тооцоолох боломжтой асуудал. Гэтэл үүнийг мэдсээр байж салбарын яам нь яагаад бэлэн байдлаа хангасангүй вэ гэх бухимдал, асуулт иргэдийн дунд байна.
Харин энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв:

Хомсдол нийлүүлэлтийн доголдол үүсгэдэг хамгийн том хүчин зүйлийн нэг бол шатахууны нөөцийн савны хүчин чадал. Монгол Улс тээвэрлэлтэд ашиглаж буй вагон-цистернүүдээ оруулан тооцвол нийтдээ 42 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх хүчин чадалтай. Одоо байгаа агуулах савны хэмжээ нь дангаараа 30 хоногийн нөөцийг бүрдүүлдэг. Тиймээс Засгийн газар шатахууны нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад 15 хоногийн хэрэглээг хангах 31 мянган тонн АИ-92 бензин, 20 хоногийн хэрэглээг хангах 80 мянган тонн дизель түлшний нөөц байгаа аж.
Мөн ойрын хугацаанд БНСУ-аас Jet A-1 төрлийн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон бол БНХАУ-аас Euro 5 стандартын 6000 тонн АИ-92, АИ-95 шатахуун импортлохоор хэлэлцээ хийжээ. Дотоодын импортлогч ААН-үүд ч өөрсдийн захиалгын хэмжээг хүргүүлсэн бөгөөд маргаашаас ачилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ойрын 10 хоногийн хугацаанд шатахууны нөөцийг нөхөн бүрдүүлнэ гэж салбарын яам мэдээлэв.
Түүнчлэн БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авахаар тохирсны эхний 1000 тонн нь маргааш Эрээн өртөөнд орж ирэх аж.
Харин ОХУ-ын хувьд дотоодын зах зээлдээ шатахууны нөөцийн хомсдол үүсэж, дараалал нэмэгдэн, үнэ өссөнөөс гадна шаардлагатай тохиолдолд бусад улсаас импортлох хэмжээнд хүрээд байгаа юм. Ийм нөхцөлд Монгол Улсын хүссэн хэмжээгээр шатахуун нийлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа ч тодорхой хэмжээгээр тасралтгүй нийлүүлэлт хийсээр байгааг АҮЭБЯ онцоллоо.