Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.19/ болж, дараах дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын “Ногоон чөлөөлөлт”-ийн зорилтын хүрээнд ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй 100 сургуулийг 2027 оны улсын төсөвт санхүүжилтийг нь суулгаж, аймаг, орон нутаг, нийслэлд шинээр барихаар шийдвэрлэлээ.
“Ногоон сургууль” нь нарны панел, батарей хураагуур буюу сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд
-Ногоон сургууль
-Ухаалаг сургууль
-Эрүүл сургууль
-Аюулгүй сургууль гэсэн 4 үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжих юм.
Хоёр. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гурав. 2027 онд эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан, төсөвт хэмнэлт үүсгэх 179 эмийг жагсааж, үнийн санал авахаар Польш, Турк, Солонгос, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын төслийн үйлчилгээний газар /UNOPS/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ зэрэг гадаад улс болон олон улсын байгууллагад хүргүүллээ.
Дөрөв. “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө.