Улаанбаатар хотын иргэд жилийн 365 хоногийн 15 өдрийг түгжрэл дунд өнгөрүүлдэг. Бид өдрийн бүтээмжийнхээ тавны нэгийг түгжрэлд үрж, нийт импортлосон шатахууныхаа 25-30 хувийг түгжрэлд зарцуулж байна. Замын түгжрэлээс үүдсэн эдийн засгийн алдагдсан боломжийн өртөг жил бүр ойролцоогоор 4 их наяд төгрөг даваад байна.
Тэгвэл замын түгжрэлийг бий болгож буй гол шалтгаануудын нэг нь боловсролын хүртээмжгүй байдалтай шууд холбогддог.
Хятадын Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь зэрэг хотуудад хийсэн судалгаагаар өглөөний оргил цагаар /07:30-08:30/ нийт замын хөдөлгөөний 12-18 хувийг хүүхэд сургууль, цэцэрлэгт зөөж буй автомашины урсгал бүрдүүлдэг. Эцэг, эхчүүд сургуулийн үүдэнд зогсож хүүхдээ буулгах буюу “Kiss & Ride” хийхдээ замын хоёрдугаар эгнээг түр эзэлдэг нь тухайн орчны авто замын нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар сааруулдаг болохыг тогтоосон байна.
Улаанбаатараас яг ижил зүйлийг ажиглаж болно. Хичээл эхлэх, тарах үед хотын төвийн 1, Орос 3, 11, 23, 24 зэрэг сургуулийн орчимд үүсдэг “Kiss & Ride”-аас шалтгаалсан саатал домино эффектээр хотын гол замууд, цаашлаад авто замын сүлжээний ерөнхий нэвтрүүлэх чадварыг сааруулдаг.
Үүнээс илүүтэйгээр жолооч нар ийнхүү замын нэг эгнээг бүхэлд нь эзлэхдээ нэгнийхээ харагдах орчинг хязгаарлаж, хүүхэд зам тээврийн осолд өртөж болзошгүй аюултай орчныг бүрдүүлдэг.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль. Тэр сургууль нь эрүүл, аюулгүй, ухаалаг, ногоон байх ёстой” гэх хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан.
Сургууль эрүүл, аюулгүй, ухаалаг, ногоон байх ёстой гэдэг бол зайлшгүй. Гэвч танайхтай хамгийн ойр, таны оршин суугаа хаягийн хамран тойрох сургууль хамгийн сайн сургууль байх боломжгүй. Чанартай боловсролыг зөвхөн хотын төвийн сургуулиуд, эсвэл өндөр төлбөртэй хувийн сургуулиас л хүртэх боломжтой. Энэхүү бодит байдал нь өөрөө боловсролын тэгш бус, хүртээмжгүй байдал төдийгүй нийслэлийн автозамын түгжрэлийн үндэс юм.
Тийм ч учраас эцэг эхчүүд авлига өгч хүүхдээ сайн сургуульд элсүүлдэг байдал хэвийн үзэгдэл болсоор удаж буйг бид бүгд дор бүрнээ мэднэ. Боловсролын сайд ч үүнийг нотолсон.
Гэвч эцэстээ энэ бүхэн иргэдийн буруу биш. Хүн бүр хүүхдэдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, сайн хүрээллийг хүсдэг. Нэгэнт төр бүх хүүхдийг чанартай боловсролоор хангаж чадахгүй байгаа нь боловсролын салбарын авлигын суурь шалтгаан юм.
Нөгөө талд, түгжрэл, авлига гээд бүхний буруутан болж буй хотын төвийн дээрх улсын сургуулиуд эцэг эхчүүд хүүхдэдээ хүсдэг тэрхүү орчныг бүрдүүлж чадсан сайн менежменттэй сургуулиуд юм.
Жил бүрийн улсын математикийн олимпиадын үр дүн үүнийг хангалттай нотолно. Жишээ нь, 2025-2026 оны хичээлийн жилийн улсын математикийн олимпиадын төгсөх 11-12-р ангийн ангилалд улсын сургуулиуд математикийн олимпиадын үзүүлэлтээр өндөр төлбөртэй хувийн сургуулиудыг ч үнэмлэхүй илүүрхсэн байна.
Мөн бага ангийн багш нарын ангилалд 1-р сургууль, дунд ангийн багш шарын ангилалд 11-р сургууль хамгийн өндөр амжилт гаргажээ.
Тэгвэл дэлхийн бусад улс орнууд бидэнтэй ижил асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ
Дэлхийн томоохон хотууд ч яг ижилхэн боловсролын чанарын тэгш бус байдал, түүнийг дагасан авто замын түгжрэлийн асуудалтай нүүр тулж байжээ. Гэвч тэд үүнийг зөвхөн “тэгш содгойгоор явах, авто зам нэмж барих” гэх мэт механизмын аргаар биш, системээр нь шийдэж чадсан байдаг.
1. Kyōin Idō (Япон)
VO: Жишээ нь, Япон улсад “элит сургууль” гэж байдаггүй. Тэд багш нарыг сэлгэн ажиллуулах систем буюу Kyōin Idō-г хэрэгжүүлдэг. Багш болон сургуулийн удирдлагууд 3–5 жил тутамд мужийнхаа өөр өөр сургуулиуд руу ротаци маягаар шилжин ажилладаг.
Ингэснээр шилдэг багш нар зөвхөн хотын төвийн ганц, хоёр сургуульд төвлөрөх боломжгүй болж, хотын захад ч, төвд ч сургалтын чанар яг ижил хэмжээнд хадгалагддаг.
Ингэснээр эцэг эхчүүдэд хүүхдээ хотын нэг захаас хотын төвийн “сайн сургууль” руу зөөх шаардлагагүй болдог. Хүүхдүүд яг гэртэйгээ хамгийн ойрхон сургууль руу өөрсдөө явган алхаж (Shūdan Tōkō) очдог. Тийм ч учраас японд “Kiss & Ride” гэх ойлголт бараг л байдаггүй.
2. School Streets (Их Британи)
Их Британи улс нэвтрүүлсэн энэхүү бодлогыг өдгөө Европын бүх улс хуулбарлан хэрэгжүүлжээ. Энэ бол “School Streets” буюу сургууль, цэцэрлэг түүний орчмын бүсийг хаах арга хэмжээ юм. Тодруулбал, хичээл эхлэх /08:00–09:00/ болон тарах /15:00–16:00/ авто замын оргил ачааллын үед боловсролын байгууллагын орчмын замаар хувийн автомашин зорчихыг бүрэн хориглодог.
Эцэг эхчүүд хүүхдээ сургуулийн үүдэнд машинаар хүргэж өгөх боломжгүй, заавал 500 метрээс 1 км-ийн цаана машинаа зогсоож, эсвэл нийтийн тээврээр явах ёстой болдог. Энэ нь “Kiss & Ride”-аас болж үүсдэг микро түгжрэлийг шууд үгүй хийх аргаар сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, замын сүлжээний нэвтрэх урсгалд нөлөөлөхөөс сэргийлэх арга хэмжээ юм.
3. Сургуулийн шар автобус (АНУ)
АНУ-д зөвхөн сурагчдыг тээвэрлэдэг алдарт шар автобусны нэгдсэн сүлжээ байдгийг бид киноноос олонтой хардаг. Судалгаагаар нэг шар автобус нь зам дээрх 36 суудлын машиныг шууд орлодог. Тиймээс АНУ-д замын хөдөлгөөний хуулиар сургуулийн автобус хамгийн дээд зэргийн давуу талыг эдэлж хөдөлгөөнд оролцдог.
Түүнчлэн энэхүү автобусаар хүүхэд бүр үйлчлүүлдэг тул энэ нь арьс өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхахын эсрэг хамгийн том билэг тэмдэг болдог.
Дэлхийн туршлага бидэнд ганц л зүйлийг харуулж байна. “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэж зүгээр нэг уриа лоозон хэлээд асуудал шийдэгдэхгүй.
Хэрэв бид Улаанбаатарын замын түгжрэл, боловсролын салбарын авлигыг үнэхээр зохицуулахыг хүсвэл,
- Багш нарыг сэлгэн ажиллуулж, төсвийг тэгш хуваарилан хотын захын сургуулиудыг хотын төвийнхтэй ижил чанартай болгох.
- Замын түгжрэлийн ачааллын оргил цагуудад сургуулийн орчимд хувийн машинаар хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах, ухаалаг бүсчлэл тогтоох
- Улсын сургуулийн автобусны аюулгүй, нэгдсэн сүлжээг нэвтрүүлэх боломжтой.
Боловсролын тэгш бус байдлыг арилгахгүйгээр бид замын түгжрэлээ хэзээ ч арилгаж чадахгүй. Учир нь өглөө бүр зам дээр түгжирч байгаа мянга мянган машин бол ерөөсөө л хүүхдэдээ илүү сайн ирээдүй олгох гэсэн эцэг эхчүүдийн тэмцлийн зураглал юм.