Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Шатахууны шуурхай штаб мэдээлэл хийлээ.
ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахуунаас 51 мянган тонн нь ирсэн бол үлдсэн 6,000 тонн шатахуун замдаа явж байна. Хятад улсаас захиалсан 8,000 тонн авто бензин бүгд орж ирсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн, дизель түлшний 28 хоногийн, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.
ОХУ-аас арваннэгдүгээр сарын захиалгыг нэмэгдүүлж, 70,000 тонн болгосон. Мөн Казахстанаас 3,000 тонн, Хятадаас 8,000 тонн, Солонгосоос 12,000 тонн буюу нийт 92,000 тонн шатахууны захиалгыг баталгаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, 11-р сард Монгол Улсын энгийн хэрэглээнээс 20 мянган тонн илүү бензин захиалжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир “Шатахуун нөөцлөх савыг эрчимтэй нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт “Шинэ эрин” ХХК-ий барьж буй 16,000 метр.куб шатахуун нөөцлөх сав ашиглалтад ороход бэлэн болсон. Шатахууны савыг нэмэгдүүлэх нь нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх чухал алхам юм. Мөн Улаанбаатар Төмөр замд 200 орчим вагон шатахуун буюу 6-8 хоногийн хэрэглээний нөөц бэлэн байна. ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд шатахуун тасрахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тиймээс заавал оочирлох шаардлагагүй боллоо.
Мөн энгийн АИ-92 авто бензинийг Евро92, АИ-95 хэмээн зарж байна гэсэн гомдол ирж байгаа. Гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тогтмол шалгалтууд хийж байна. Гэхдээ энгийн АИ-92 авто бензинийг Евро92 гэж зарах ямар ч боломж байхгүй. Шуурхай штабаас гарсан Монополын эсрэг газар, АҮЭБЯ-ны Хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, НЗДТГ-ын хамтарсан Ажлын хэсэг тогтмол шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд хилээр орж ирж буй шатахууны төрлийн бүтээгдэхүүнүүдээс авсан дээж, буулгалт, ШТС-ын орлого зарлагын мэдээллийг нэгдсэн системд оруулахаар ажиллаж байна” гэлээ.