Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхантай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх ёстой гэх байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн асуудлаар амжилттай хэлэлцээ хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “Баялагтаа эзэн монгол” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа. D-Parliament-д 100 мянга гаруй иргэн Оюутолгойн төслөөс орж ирэх ногдол ашгийг өөрсдийнхөө дансанд авах санал өгсөн байна билээ. Энэ бол ард түмний маань санал. Уг саналд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн амьдралд анхаарч, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, хамгаалах учиртай.
Тиймээс байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь иргэдийн дансанд шилжүүлэх саналтай байна.
Эхний ээлжид хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ хэлэлцээрээ сайн хийж, ногдол ашгийг иргэдийн дансанд хэзээ, хэрхэн хуваарилж шилжүүлэхээ хууль эрх зүйн орчиндоо тулгуурлаад шийдээрэй. 3 их наяд төгрөгийн ногдол ашиг орж ирсэн тухай бүрд нь иргэдийн дансанд шилжүүлэх хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийллээ.
2009 онд Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 17 жилийн турш Монголын тал ямар нэг ногдол ашиг хүртээгүй өдийг хүрсэн. Өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээр хийж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн бүтцийг хянан үзэх хугацааг долоон жилээс гурван жил болгон наашлуулж, 2027 онд Монголын тал анхны ногдол ашгаа авахаар тохиролцсон.
Засгийн газар ч 2027 оны төсвийн төсөлд Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тооцож, анх 1 их наядыг Хуримтлалын санд, 2 их наядыг эрчим хүч, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөөд байв.
Улмаар энэ мөнгийг хэрхэн зарцуулах талаар E-Mongolia платформоор иргэдээс санал авсан. Санал асуулгад 95,621 иргэн оролцсоноос 55,173 буюу 57.7 хувь нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авахыг сонгожээ. Харин 24,479 иргэн хуримтлалын сандаа хадгалах санал өгсөн байна. Иргэдийн саналыг харгалзан Засгийн газар ногдол ашгаар нийгмийн болон суурь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх тухай тусгай хуулийн төслөө эргүүлэн татахаар шийдвэрлэсэн юм.
Энэ хугацаанд зарим УИХ-ын гишүүд ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлж, нэг иргэнд 857 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой гэх тооцооллыг гаргаж байсан. Иргэд ч нийтийн өргөдлийн D-Parliament платформ дээр санал асуулга эхлүүлж, хэдийнээ 100 мянган иргэн дэмжээд буй.
Яг энэ мөчид улсын Ерөнхийлөгч нь ногдол ашгийг шууд иргэдийн дансанд шилжүүлэх “поп” санал гаргав.
Иргэдэд шууд бэлэн мөнгө тараах нь макро эдийн засгийн түвшиндээ инфляц өсөх, импортын эрэлт нэмэгдэх, валютын ханш өсөх, төгрөгийн ханш сулран, гадаад худалдааны тэнцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүнийг төрийн өндөрлөгүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэсэн ч өнөөдрийн “өөхийг” сонголоо.
Ерөнхийлөгчийн хувьд иргэдийн саналыг хүндэтгэх нь чухал. Гэхдээ иргэдийн амьдралд анхаарч байна гэдэг нэрийн дор эдийн засгийн эрсдэлийг орхигдуулж болохгүй. Төрийн тэргүүн хүн улс орныхоо урт хугацааны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг харгалзах учиртай. Баялгийн эзэн байна гэдэг нь орж ирсэн мөнгөө шууд хувааж авахын нэр биш. Баялгаа хэрхэн удирдах, өнөөдрийн болон ирээдүй хойч үеийнхэнд ямар өгөөж үлдээхээ шийдэхийн нэр юм. Төрийн тэргүүний байр суурь гэдэг зөвхөн өнөөдрийн иргэдийн хүсэл, хүлээлтэд нийцэхээс гадна улс орны урт хугацааны эрх ашиг, эдийн засгийн тогтвортой байдлыг харгалзсан байх учиртайг дахин цохъё.
Сонгууль ч ойртож байна даа…