Оюу толгойгоос орж ирнэ гэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг тухай бүрд нь иргэдийн дансанд шилжүүл гээд Ерөнхийлөгч хэлчихлээ. Тэрбээр энэхүү мөнгийг дансандаа авах нийтийн өргөдөлд “100 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан” гэдэг дээр дөрөөлөв бололтой. Шуудхан хэлэхэд иргэдээс оноо цуглуулж байгаа нь энэ.
Харин Засгийн газар үүний эсрэг байгаа. Баталгаа нь “Бэлэн мөнгө болгож тараавал талхны үнэ 10,000 төгрөгт хүрнэ” гэдэг Ерөнхий сайд Н.Учралын үг. Харин одоо Ерөнхийлөгчийн үгэнд орж, нөлөөнд нь автах уу гэдэг сонголттой нүүр туллаа.
Үгэнд нь орлоо гэхэд одоогийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа зөрчсөн болно. Тиймээс хууль зөрчихгүйн тулд тэд нэг удаагийн хууль зориулан баталж, эсвэл хуулиа өөрчилж таарна. Энгийнээр бол Оюу толгойн 3 их наядын ногдол ашгийг иргэдийн дансанд олгож болно гэх агуулга гэсэн үг. Гэхдээ Засгийн газар санаачиллаа ч УИХ-аар хэлэлцэж, батлах эсэх шийдэгдэнэ. Явж, явж парламент л шийднэ гэсэн үг.
Одоогийн хуулиар бол энэхүү мөнгө Хуримтлалын санд төвлөрч, иргэд 2034 оноос байр, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж эхлэх учиртай.
Гэвч Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгууль ойртсон тул улстөрчдийн оноо авах хэрэгсэл, тоглолтын гол түлхүүр болж хувираад байна. Үүний балгаар улс орны тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэнэ, голлох салбартаа зарцуулна гэдэг зөв, зүйтэй саналууд хойш шидэгдэв.