Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд кабин бүрд 750 кг жинтэй ачааг хийж, хүчтэй савлуулах, гэнэт түр зогсоох туршилт хийж эхэлжээ.
Өмнө нь ачаагүй кабинуудад уг туршилтыг хийж байсан бол ийнхүү 98 кабин тус бүрд 750 кг жинтэй ачаа хийж, моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулах туршилтыг 10 орчим хоног хийх аж.
Ачаатай туршилтын хүрээнд кабины хоосон үеийн туршилтаар шалгасан бүх мэдрэгч, тоног төхөөрөмж болон инженерийн системүүдийг дахин нягталж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг баталгаажуулах зорилготой аж.
Олон нийтийн сүлжээнд иргэдийн эргэлзэж, сонирхож буй асуултуудад төсөл хэрэгжүүлэгч компани ийн хариулж байна.
Төсөл хэрэгжүүлэгч компани хэр туршлагатай вэ?
– “Пома групп” нь дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголоос ч хүйтэн, эсвэл хэт халуун уур амьсгалтай улс орон зэрэг эрс тэс уур амьсгалтай улсуудад төсөл хэрэгжүүлж байсан. Эдгээр улсад ямар нэгэн аюул осолгүйгээр системүүд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна.
Хасах 35 хэмийн хүйтэнд мөстөлт болон механизмын царцанги байдлыг хэрхэн шийдсэн бэ?
– Ган татлага дээр мөс тогтвол яах вэ гэж нэлээдгүй асууж байна. Мөс, цасыг гар аргаар хайлуулах, зайлуулах боломжгүй. Учир нь тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй. Мөн буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Пома групп нь Монголтой ижил, мөн Монголоос ч хүйтэн цаг агаартай улс орнуудад ийм системийг барьж ашиглалтад оруулсан. Кабин тус бүрд суудал халаах системээр тоноглогдсон бөгөөд битүүмжлэл сайтай тул гаднах хүйтэн агаар болон салхийг дотогш нэвтрүүлэхгүй.
Зун кабин дотор сэрүүцэх боломж байгаа юу. Хэт халуунд хаалттай цонхтой хэсэгт яаж бүгчимдэхгүй байх вэ?
– Зундаа сэрүүхэн байх агааржуулалтын системтэй.
Тог тасарвал яах вэ?
– Ган татлагад кабин явж байх үед цахилгаан тасарвал нөөц генератор ажиллана. Жишээлбэл, кабинууд ган татлага дээр тог тасарч зогсвол нөөц генератор ажиллаж зорчигчдыг буудалд хүргэнэ. Үйлчлүүлэгчдийг сандаргахгүйн тулд бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай мэдээллийг уг холбоогоор дамжуулан зорчигчдод шуурхай хүргэнэ. Нөөц генератор ажилласнаар үйлчлүүлэгчдийг зогсоол дээр аюулгүй хүргэнэ.
Тус дүүжин замын тээвэр нь Яармаг, Арцатаас Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай байх бөгөөд хоёр зогсоолтой. Тээвэрлэлтийг 6.45-42 метрийн өндөрт хийх бөгөөд 19 тулгуур баганатай байхаар байгуулсан. Нийт 98 ширхэг кабин ажиллах бөгөөд зорчигчдыг дээр дурдсан чиглэлд 11-13 минутын агаарын замаар тээвэрлэх юм. Урьдчилсан байдлаар тасалбарын үнийг 2500 төгрөг байхаар тооцжээ.