Өнөөдөр /2026.11.11/ УИХ-ын байнгын хороод тодорхой асуудлуудыг хэлэлцэх товтой.
Тэгвэл 15:00 цагт товлогдсон Эдийн засгийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг хувь дансанд нь шилжүүлэх” тухай асуудлыг хэлэлцэх аж.
Учир нь уг саналыг иргэн Х.Оюунбилэг УИХ-ын D-Parliament платформын нийтийн өргөдөл хэсэгт 2026 оны 10 сарын 23-нд санаачилж, 7 хоногийн дотор 100,612 иргэний дэмжлэг авсан юм. Ийнхүү холбогдох байнгын хороод нь хамтран нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэж, хуулийн төсөл санаачлах эсэхийг шийднэ.
Бусад байнгын хороодоор дараах асуудлыг хэлэлцэнэ.
Хууль зүйн байнгын хороо – 10:00 цаг
- Хууль зүйн зөвлөмж хэлэлцэх
- Байнгын хорооны тогтоолын төсөл /ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо – 10:30 цаг
- Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Төрийн байгуулалтын байнгын хороо – 13:30 цаг
- УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүн 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Төсвийн байнгын хороо – 11:00 цаг
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэх
Эдийн засгийн байнгын хороо – 15:00
- СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал
- Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
- “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахаас боловсрол салбарын шинэчлэлийн талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэх