Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн тав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр явуулж, УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн тухай хуулийг зүйл заалт бүрээр нь танилцуулан, тус бүрд нь санал хураалт явуулсан юм. Ийнхүү 2027 оны төсвийн төслийг эцэслэн батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 111 гишүүний 91 нь дэмжиж (82.7 хувь) ирэх оны төсвийг баталлаа.
Наймдугаар сарын 31-нд Засгийн газар төсвийн төслийг өргөн барихдаа 41.3 их наядын орлого, 43.6 их наядын зарлагатай байхаар тусгасан байдаг. Тэгвэл 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлав.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
– Удаан үргэлжилсэн үнийн өсөлт, иргэдийн амьжиргаа, бодит орлогыг сорж байгаа. Аравдугаар сард инфляц 13.4 хувь болж, энэ оны хамгийн өндөр түвшинд хүрлээ. Мах, махан бүтээгдэхүүн жилийн өмнөхөөс 44 хувиар өссөн. Эдийн засгийн өсөлтийн тоо айл өрхийн үүдээр бүрэн орохгүй байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм ээдрээтэй цаг үед төрийн нэн тэргүүний үүрэг бол иргэд, айл өрхийн орлого, амьжиргаа, ААН-үүдийн үйл ажиллагааг хамгаалах явдал юм. Яг энэ зарчмын дагуу та бид ард түмнийхээ амьжиргаа, орлогыг хамгаалсан, ААН-үүдээ дэмжсэн төсөв баталлаа. Иргэдийнхээ орлого, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалах үүргээ УИХ биелүүллээ гэж үзэж байна.
Тэгвэл түүний хэлээд буй ард түмнийхээ амьжиргаа, орлогыг хамгаалсан, ААН-үүдээ дэмжсэн гэх төсвөөс онцолж байна.
– Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас ХХОАТ авахгүй. Энэ хэрээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
– 2026 оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тэтгэмж, ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
– 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамаарна.
– Даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь чөлөөлнө.
– Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган ипотекийн зээл хүлээсэн иргэдээ орон сууцтай болгоно.
– 180 мянга орчим ААН, бизнес эрхчлэгчийн татварын ачаалал 250 тэрбум төгрөгөөр буурна.
– Гарааны бизнес эрхлэгчийн эхний гурван ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар чөлөөлнө.
– Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа НДШ төлнө.
– Ахмад настныг ажиллуулсан бизнес эрхлэгч НД-ын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
Юутай ч УИХ Монгол Улсын 2027 оны төсвийг хуулийн хугацаанд нь амжин баталлаа. Н.Учралын Засгийн газрын батлуулсан анхны төсвийн уяа сойлго хэрхэн таарсныг харах л үлдлээ.