Шатахуун хомсдсон, хязгаарлалттай олгосон хэвээр байна. Тодруулбал, автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт тогтоож, 50,000 төгрөгөөс дээш дүнд бензин олгохгүй байгаа. Энэ бол Засгийн газраас гаргасан шийдвэр, зохицуулалт.
Бид өнгөрсөн өвлөөс дээрх асуудалтай нүүр тулсаар буй. Шалтгааныг нөөц хадгалах сав, хэмжээтэй холбон тайлбарласаар байна. Нөгөө талд газрын тос боловсруулах үйлдвэр. Үйлдвэрийн ажлыг гацаанаас гарсан, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэж сая Ерөнхий сайд мэдээлэв. Ингэхдээ зарим тоон мэдээллийг дурдлаа.
Тухайлбал,
- Өнөөдөр /2026.08.10/ төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна,
- Үндсэн тоног төхөөрөмжүүд ирлээ,
- Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй,
- Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна.
- 824 мянган тонн дизель,
- 396 мянган тонн АИ-95 бензин,
- 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэнэ гэлээ.
Ингээд харвал шатахууны хомсдол, үүсээд буй нөхцөл байдлаас гарахад нөөц хадгалах саваа томсгох, олон болгох, үйлдвэрээ ашиглалтад оруулах гэдэг хоёр л зам бий. Нэмээд татан авалт хийж буй улсын дотоодын нөхцөл байдал.
Харин аль, аль нь “байхгүй” өнөөдрийн бодит байдал иргэдийг бухимдуулсан хэвээр байна.