Хууль бус олборлолт хийж буй гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 60 үйлдлийг илрүүлээд байна

2026-09-11
by

Энэ оны тавдугаар сард Төв аймгийн Заамар суманд гурван настай охин уурхайн өрөмдлөгийн цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн эмгэнэлт явдал бол хариуцлагагүй уул уурхай, хууль бус ашигт малтмал олборлолтын балаг. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн дагуу Цагдаагийн байгууллагаас хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий зэрэг арав гаруй аймгийн нутаг дэвсгэрт шалгалт хийгээд буй.

Ингэхдээ тухайн орон нутгийн Байгаль орчны газартай хамтран нийт 106 ААН, 83 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт хийхэд гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 60 үйлдлийг илрүүлжээ. 

Зөрчлүүд дунд зөвшөөрөгдсөн талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн, хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон, зөвшөөрөгдсөн техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ашигласан зэрэг үйлдэл байна. Мөн хууль бус олборлолт хийхдээ ашигласан техник хэрэгслээ машин, техник, морь, мал зорчих боломжгүй уул, хад асгатай газарт нууж байршуулжээ. 

Ашигт малтмал олборлох нэрийн дор газрын хэвлийд хууль бусаар халдах нь зөвхөн зөвшөөрлийн асуудал биш. Хууль бус олборлолтоос үүдэн ундны болон гадаргын усны нөөц бохирдож, бэлчээрийн доройтол, хөрсний эвдрэл үүсэж, ойн сав газар сүйдэж байдаг. Цаашлаад технологийн бус аргаар алт угааснаар ойролцоо нутаглах хүн, малыг химийн хордлогод оруулж, малын идэш тэжээлийн хомсдолыг бий болгодог. Мөн нөхөн сэргээгээгүй гүнзгий нүх, цооногт хүн, мал унаж бэртэх, амь насаа алдах эрсдэл ч өндөр байдаг. 

Иймд хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан үйлдлийг зөвхөн ашигт малтмалын хууль зөрчсөн асуудлаар хязгаарлахгүйгээр, байгаль орчинд учруулсан хохирол, гэмт хэрэг, зөрчлийн шинж, хууль бус үйл ажиллагааны цар хүрээг тогтоон холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж байгаа аж.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Баян-Өлгийд ажиллахаар болсон Ерөнхийлөгч үндэсний эв нэгдэлийг хангаж чадах уу

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ