МАН-ын ЕНБД Я.Содбаатар удирдах зөвлөл нь хуралдсантай холбоотой мэдээлэл өгөх үеэрээ АН-аас Н.Учралд тавьж буй шаардлагыг битүүхэн боломжгүй, хууль бус гэлээ.
Ардчилсан намын тухайд Ерөнхий сайдыг өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаа өөрөө оруулж ир, үгүй бол өөрсдөө өргөн барина гэж шахсаар буй.
Тэгвэл энэ нь үндсэн хуулиар боломжгүй гэж Я.Содбаатар хэллээ. Эл асуудал хэрэв УИХ-аар орж ирэхдээ тулж, түүнийг нь МАН-ын аль нэг гишүүн дэмжсэн тохиолдолд намаасаа шууд хөөнө гэв. Мөн намынхаа талцал хуваагдлыг үгүйсгэж, ганц хоёрхон хүний хэрүүл мэтээр тайлбарлан өнгөрөөв.
Тэр,
“Үндсэн хууль гэдэг бол аливаа улс төрийн хүчин, эсвэл төрийн байгууллагууд бүгд мөрдөх ёстой. Үндсэн хуулиар Засгийн газартай холбоотой, Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудлуудыг маш тодорхой хуульчилсан байдаг. Үндсэн хуульд итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд өөрөө л оруулдаг. Тийм учраас энэ асуудлыг өнөөдөр удирдах зөвлөлөөр яриагүй. Өөрөөр хэлбэл намын ярих асуудал биш.
Манай намын бүлэг дээр 30, 38 гэдэг тоо байхгүй. Томьёоллын хувьд л тэгж хэлээд байх шиг байна. Ажил төрлөө өгсөндөө гоморхсон, хоёр хүн хоорондын харилцаатай холбоотой янз бүрийн гоморхлоор тодорхой тооны 1о гаруй хүн байх шиг байна. Үүнтэй намын удирдлагын зүгээс, намын дүрэмд заасан хяналтын байгууллагууд уулзаж ярьж, ойлголцох тал руу нь явж байгаа.
Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг дүрэмд заасан зөрчил үүсвэл намаасаа хөөгдөнө шүү дээ. Засгийн газрын асуудал орж ирвэл эсрэг ярьсан хүмүүсийг намаас хөөнө” гэлээ.