Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр төрийн байгууллагын дугаартай буюу цэнхэр дэвсгэр бүхий улсын дугаартай автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж буй жишээг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар онцоллоо.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
Хувийн орон сууцны хороололд цэнхэр дугаартай машиныг өдөрт гурван удаа оруулж, ямба эдэлж байна. Ямба эдлээд байгаа нөхөр хэн бэ гэсэн чинь нэг гэр бүлд төрөөс паразиталдаг хоёр ямбатан байна. Хоёулаа төрөөс цэнхэр дугаартай машин унах эрх мэдэлтэй гэнэ. Төсвийн тухай хуулиар бол эрхгүй. Гэхдээ тэр машин тэр хотхон руу өдөрт гурван удаа орно. Юмыг нь зөөдөг машин хүртэл тусдаа болчихсон. Төрийн гурван өндөрлөгийг бол ойлгож байна. Төрөөс мэдээж машин унана. Гэхдээ паразитууд бол болохгүй. Энэ асуудал дээр Сангийн яам ямар байр суурьтай байна вэ. Төсөв оруулж ирэхдээ хяналт шалгалт хийдэг юм уу? Энэ асуудалд ямар хэмнэлтийн бодлого барьдаг юм бэ?

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
Гэр бүлээрээ цэнхэр дугаартай машин унаад, хувьдаа ашиглаад байгаа төрийн албан тушаалтай гэр бүлийн мэдээллийг надад өгчих. Арга хэмжээ авч хариуцлага тооцъё. ЗГХЭГ-ын харьяанд авто бааз байдаг. Уг авто баазыг Аж ахуйн тооцоонд гаргасан байдаг. Өөрөөр өөрийгөө санхүүжүүлж, ашиг олох буюу бизнесийн байгууллага болгочихсон юм билээ. Засгийн газрын авто баазад хамаарах автомашины асуудлыг цогцоор нь шалгаж байгаа. Энд асуудал их бий.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
Нэг гэр бүлийн паразитуудад хариуцлага тооцъё гэж сайхан сэтгэл гаргаж байна. Гэхдээ таны эрх мэдэл хүрэхгүй байх гэж айж байна. Тэд нар чинь аймар том албан тушаалтай, аймар том дарга нар байна билээ. Хувийн хотхонд цэнхэр дугаартай ороод ирлээ, би цэнхэр дугаарыг чинь авчихъя. Би зарлагын хяналтын дэд хороог ахалдаг юм аа. Та нар хуулиараа унах эрхгүйн байна гэхээр намайг цагдаад өгчихсөн. Тэгэхээр таныг бас яаж ч магадгүй. Тиймээс би тэр цэнхэр дугаарыг Ерөнхий сайдад жаазанд хийж өгнө.
Дээрх харилцан ярианаас хэд хэдэн асуулт гарч ирж байгаа юм.
Нэгдүгээрт, яг ийм автомашины хэрэглээтэй холбоотой асуудлыг Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудаар зохицуулсан байдаг. Түүнчлэн дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 204 дугаар бүхий тогтоол ч гарч байв. Мөн тус тогтоолын хавсралт хэсэгт Суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг гаргаж, 21 төрлийн албан тушаалтанд энэ эрхийг олгосон байдаг. Үүнд:
- Улсын Их Хурлын Дэд дарга
- Засгийн газрын гишүүн
- Үндсэн хуулийн цэцийн дарга
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
- Улсын ерөнхий прокурор
- Монголбанкны Ерөнхийлөгч
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
- Шүүхийн сахилгын хорооны дарга
- Ерөнхий аудитор
- Авлигатай тэмцэх газрын дарга
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Төрийн албаны зөвлөлийн дарга
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга
- Үндэсний статистикийн хорооны дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга
- Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Тэгвэл Дав.Цогтбаатар гишүүний жишээлсэн нэг гэр бүлийн паразитууд нь дээрх 21 төрлийн албан тушаалд хамаарах этгээдүүд байв уу? Түүний жишээнд дурдагдсан шиг хэчнээн паразитууд хуулийг уландаа гишгэж, хувийн хэрэгцээндээ улсын машин унаж яваа бол?
Хоёрдугаарт, Засгийн газрын авто бааз нь Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бол өдгөө Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон. Энэ нь нэг ёсондоо, өөрсдөө орлого олж санхүүжих хэлбэрт шилжсэн гэсэн үг. Мэдээж нэг талдаа санхүүжилтийн тогтолцоо болоод үйлчилгээ үзүүлэх зарчмыг нь өөрчилж, тодорхой хэмжээнд хэмнэлт хийсэн. Гэвч нөгөө талдаа төр бизнес хийж, хувийн хэвшилтэй өрсөлдөөд байна гэх шүүмжлэлийг дагуулаад буй юм. Үүний нэг жишээ нь, 2025 оны 4 сарын 15-нд Засгийн газрын авто бааз өөрийн албан ёсны цахим хуудастаа зочин тосох, гэр бүлээрээ хөдөө явахад түрээсийн автомашинаар үйлчилгээ үзүүлнэ гэх утгатай хоёр танилцуулга видео нийтэлж, олны шүүмжийг багагүй хүртсэн. Угтаа бол энэ байгууллагад заавал хэн нэгний гэр бүлийг хөдөө аялуулахаас илүүтэй орлого олох олон боломж бий.
Дав.Цогтбаатар гишүүний жишээлсэн паразит гэр бүл мөнөөх 21 төрийн албан тушаалд хамаарахгүй бол тус байгууллага гэр бүлийн хувийн хэрэгцээнд түрээсийн үйлчилгээ үзүүлсэн юм болов уу?
Гуравдугаарт, Дээрх паразит гэр бүл УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг яг ямар үндэслэлээр цагдаад өгсөн бэ?
УИХ-ын гишүүн ч айж эмээхээр өндөр албан тушаалтай гэр бүлд Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцож, нийгэмд ил тодоор зарлан мэдээлж чадах болов уу?