“Одмөндөр” сувгийн хөтлөгч А.Гансүх “Монгол Улсын Төрийн дууллын өдөр”-тэй болох санаачилга гаргаад байна. Тэрбээр энэхүү өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд байвал түүх талаасаа оновчтой гэж үзжээ. Учир нь 1945 оны энэ өдөр монголчууд “Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улс мөн үү, биш үү” гэдэг санал асуулгад оролцож, нийтээрээ санал нэгдэж, дэлхийд тусгаар тогтнолоо баталсан гэв. Мөн Төрийн дууллыг хэн дуртай нь ая, үг зэргийг өөрчлөн дуулах болсон эмзэглэлээс энэхүү санаачилгаа эхлүүлэх болсон гэдгээ учирлав.
Тэр хэлэхдээ,
“Ойрд нэг асуудал сэтгэл зовоож байна. Энэ бол зөвхөн миний биш монгол хүн бүрийн анхаарал хандуулах асуудал гэж бодож байна. Монгол Улсын төрийн таван бэлгэ тэмдгийн нэг болох Монгол Улсын Төрийн дууллыг хэн дуртай нь өөрийн дураар үндсэн ая хэмнэлийг нь өөрчлөөд энд тэнд дуулдаг асуудал байгаа юм.
Яг үүнийг зохицуулсан зохицуулалт, дүрэм журам, хууль байдаг юм болов уу гэж бодогдсон. Хэн нэгэн хүн гарч ирээд үүнийг цэгцэд нь оруулчхаасай, санаачлаад хийчхээсэй гэж алгуурлаад, бодоод нэг их анзаарахгүй яваад байх хойгуур магадгүй Монгол Улсын Төрийн дууллын маань ая, үгийг өөрчлөөд хаа нэг газар дуулчихсан байх аюултай юм байна.
Тэгээд Монгол Улсынхаа Төрийн дууллынхаа үгийг таньж мэдэх, ойлгох, хэм хэмжээтэй хүндэтгэлтэй хандах санаачилгыг эхлүүлж байгаа юм. Яагаад Монгол Улс Төрийн дууллын өдөртэй байж болохгүй гэж. Тэр өдөр нь албан ёсны өдөртэй, дуугардаг цагтай, эгшиглэх хөгжим нь албан ёсных байгаад. Зохион байгуулалт нь ч албан ёсоор хийгддэг ийм өдөртэй байвал болдоггүй юм байх даа гэсэн бодол төрөөд Монгол Улсын Төрийн дууллын өдөртэй болох санаачилгыг гаргаж байна. Энэ өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр байгаасай гэж хүссэн юм. Энэ өдөр нь өнөөдрөөс 81 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20 гэдэг тэр өдөр Монголын ард түмэн бүх нийтээрээ үндэснийхээ дээл хувцсаар гангараад нэг л газар руу зорьсон байна. Таны амьдарч байгаа газар орон болох Монгол Улс чинь Тусгаар тогтносон Бүрэн эрхт улс мөн гэх санал асуулга зохион байгуулж түүнд очиж саналаа өгөхөөр та бидний аав ээж, эмээ өвөө нэгэн цагт хамтдаа чуулсан байдаг. Ингэхдээ 100 хувийн саналаар туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улс юм шүү гэдгээ дэлхий дахинд батлан харуулсан байдаг. Энэ түүхэн үйл явдалтай түүхт өдрийг Монгол Улсын Төрийн дууллын өдөр болгооч хэмээн хүсэж байна” гэв.