Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож буй. Энэ үеэрээ тус хотод болсон “Дэлхийн нүүдэлчдийн зургаадугаар их наадaм”-ын нээлтэд очжээ. Тус наадамд манай улсаас гадна 103 орны баг тамирчид оролцож байна.
Нөгөө талаар 2014 онд анх зохион байгуулагдаж байсан уг наадмын нээлт 51,000 хүний суудалтай аварга том “Бишкек Арена”-д болсон нь монголчуудын анхаарлыг татлаа. Цагаан атаархлыг ч мөн төрүүлэв. Тэд наадмын нээлтийг шинэ түвшинд үзүүлж, гайхширууллаа.
Нээлтийг үзвэл монгол наадмынхтай тун төстэй. Гэхдээ агуулга, тавилт, шийдэл, орчин, техник технологи гээд бүх талаараа харьцуулшгүй. Биднийг хол орхижээ.
Тус төслийг анх 45 мянган хүний суудалтай байхаар төлөвлөж байсан ч AFC-ийн шаардлагатай уялдуулан багтаамжийг 51 мянга болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр Кыргызстан Азийн томоохон хөлбөмбөгийн тэмцээний өндөр түвшний тоглолт зохион байгуулах боломжтой болсон гэсэн үг.
“Бишкек Арена”-ийн хамгийн анхаарал татахуйц зүйл нь зөвхөн хэмжээ биш. Цэнгэлдэхийн архитектурыг Кыргызстаны уламжлалт гэр буюу “юрт”-ын хэлбэр, бэлгэдэлтэй уялдуулан бүтээсэн байна.
Дээрээс нь харахад дугуй хэлбэртэй, төв хэсэгтээ нээлхийтэй энэ байгууламж нь уламжлалт гэрийн тооно, бүрээсийг санагдуулна гэж тус улсын хэвлэлүүд онцолжээ. Энэ тодотгол магадгүй зарим хүмүүст “манайх” гэдэг хармын сэтгэгдэл төрүүлж мэдэх юм.
Тэгвэл манай улс хаана яваа вэ. Бидэнд ганцхан Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Өдгөө 68 жил болж байна. Гэхдээ энэ цэнгэлдэх одоог хүртэл “хамгийн олон үзэгч багтаадаг, том” гэдэг тодотголтой хэвээр. Дэлхийд гайхуулдаг Үндэсний их баяр наадмынхаа нээлтийг ч энд хийдэг. Гээд харахаар бид хөгжлөөрөө улам л хоцорсоор. Дэлхийн томоохон улсууд бүү хэл адилтгаж боддог “Стан”-ы орнууд ч биднээс хол тасархай хөгжсөөр байгааг энэ ганцхан жишээ баталж буй.
Харин бид энэ жилээс л 30,000 хүний суудалтай орчин үеийн цэнгэлдэхтэй болох тухайгаа шийдвэр гаргах түвшинд ярьж байна. Харамсалтай нь улс барих мөнгөгүй, хандиваар шийднэ гэж Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдсэн. Түүний хэлснээр бол бид ирэх наадмын өмнө шинэ цэнгэлдэхтэй болох учиртай. Гэвч эргэлзээ, харанхуйгаар дүүрэн. Ийм нөхцөлд иргэд нь дэмий санаа алдаж л чадна шүү дээ.