ТОЙМ: Амлалтаар дүүрэн, хэрэгжилтээр хоосон СОР17

2026-09-02
by

COP17 болж өндөрлөв. Хурлаар хамгийн олон хэлсэн санаа бол “Амлалтаас хэрэгжилт рүү”

Иргэдэд нэлээд бухимдал, чирэгдэл учруулсан гэгдэх COP17 хуралдаан өндөрлөлөө. Анх 10,000 гаруй зочин, төлөөлөгч ирнэ гэж мэдээлж байсан бол хуралдааны хоёр дахь өдрийн байдлаар оролцсон хүний тоо 23,000-ыг давав.

Хурлын хамгийн их анхаарал татсан сэдэв бол санхүүжилт байлаа. Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд чиглэсэн 1.3 тэрбум ам.долларын шинэ болон төлөвлөгдөж буй санхүүжилтийг таван тивийн 23 улсад хүргэхээр зарлав. Энэ багцад шинээр тодорхойлогдсон 644.5 сая ам.долларын санхүүжилт, мөн хэрэгжилтийн шатанд шилжиж буй 216.4 сая ам.долларын баталгаажсан санхүүжилт багтжээ.

-Хурлын гол зөрчилдөөн-

Хэлэлцүүлэгт хамгийн олон дурдагдсан сэдвүүд нь цөлжилт, ганд тэсвэртэй байдал, санхүүжилтийн зөрүү, бэлчээр ашиглагчдын эрхийн асуудал, ус-газрын уялдаа холбоо, шар шороон шуурга, хүнс болон эрүүл хөрс, жендэр, иргэний нийгмийн оролцоо, түүнчлэн Конвенцын 2030 оны дараах стратегийн баримт бичиг, протоколын асуудал байв.

Хуралдааны шийдвэрт хүрэхийн тулд 197 тал бүгд санал нэгдэх шаардлагатай. Гэтэл эхний өдрөөс л АНУ тодорхой асуудлууд дээр эсрэг байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал, АНУ жендер, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, бусад холбогдох конвенц болон олон улсын байгууллагуудтай харилцааг бэхжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахыг шаардсан.

Иргэний нийгмийн байгууллагууд үүнийг өөрсдийн эрх, оролцоонд шууд халдсан үйлдэл хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Үүний дараа хоёр удаагийн томоохон жагсаал болж, 340 гаруй иргэний нийгмийн байгууллага ил тод байдал, жендер, уугуул иргэд болон иргэний нийгмийн оролцоог хамгаалахыг шаардан хамтарсан захидал гаргасан.

Дэлхийн хамгийн том эх газарт орших ОХУ эхэндээ Конвенцын дараагийн стратегийн баримт бичигтэй холбоотой асуудал дээр эсэргүүцэх байр суурьтай байсан ч хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх нөхцөлөөр тохиролцохыг оролдож байлаа. Гэвч Шинжлэх ухаан, технологийн хорооны хэлэлцүүлгийн үеэр Оросын тал өөрийн эксперт дараагийн стратегийн баримт бичгийн ажлын хэсэгт оролцох боломжгүй болсныг мэдэгдээд, Шинжлэх ухаан бодлогын хороонд Украйны эксперт оролцож байгааг эсэргүүцэв.

Оросын тал бүс нутгийн, тэр дундаа өөрийн эрдэмтнийг ажлын хэсэгт оролцуулахыг шаардаж, хэлэлцэх асуудлын жагсаалтад эсэргүүцэл тавьсан бол Украйны тал SPI Шинжлэх ухаан бодлогын хорооны бие даасан эрдэмтдийг нээлттэй сонгон шалгаруулалт, шинжлэх ухааны шалгуураар сонгосон гэдгээ тайлбарлав. Энэ асуудал ч эцэслэн шийдэгдсэнгүй.

Гангийн асуудлыг ямар механизм, арга хэрэгслээр шийдвэрлэх тухай ч ахиц гараагүй. Ингээд ган, шилжилт хөдөлгөөн, газрын доройтолд хамгийн өндөр эрсдэлтэй бүлгүүдийн асуудлууд дараагийн хэлэлцүүлгүүдэд шилжив.

-Зэрэгцээ арга хэмжээнүүд-

Залуучуудын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл гэх мэт тусгай уулзалтуудаас гадна цэнхэр бүсэд өдөр бүр олон улсын байгууллага, засгийн газрууд хэдэн арван хэлэлцүүлэг, панел зохион байгуулж байв. ЦТНҮБК-ын албан ёсны хөтөлбөрт багтсан арга хэмжээ, зохион байгуулагч орны гэр, Action Dome, павильонууд, тусгай форумууд болон бусад гээд ойролцоогоор 700 гаруй арга хэмжээ, хэлэлцүүлэг болжээ. Эдгээрийн туршид хамгийн олон давтагдсан санаа нь “Амлалтаас хэрэгжилт рүү” гэсэн уриа байв.

22 улс нийт 66 павильон ажиллуулж, өөрсдийн павилиондоо мөн хэлэлцүүлэг явуулсан. Албан ёсны хурлын хөтөлбөрт багтсан зэрэгцээ арга хэмжээний агуулгыг нэгтгэвэл, тэдгээрийн цаана хамгийн олон яригдсан гурван сэдэв нь газар, ус, бэлчээр байлаа.

Зэрэгцээ арга хэмжээнүүдийн гол сэдвүүд дурьдагдсан тоогоор:

hierarchy visualization

Эдгээр тоо нь COP17-ийн нийтэд нээлттэй хөтөлбөрийн арга хэмжээнүүдийг сэдвээр нь ангилсан бидний тооцоо болно.

-Монголын оролцоо-

Хурлуудтай зэрэг танхимуудад зохион байгуулагдаж байсан нийт 325 зэрэгцээ арга хэмжээний албан ёсны хөтөлбөрөөс Монгол Улсын дурьдагдсан байдлыг тоолбол нийт 76 удаа байна. 

Өөрөөр хэлбэл, COP17 дээр Монголын тухай зөвхөн монголчууд ярьсангүй. Олон улсын байгууллага, улс орнууд, судлаачид, бизнесийнхэн ч Монголын бэлчээр, газрын доройтол, ган, усны асуудлыг өөрсдийн хэлэлцүүлэгтээ авч үзэж байлаа.

Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн төслийг дэмжихийн хүрээнд газрын ховор элементийн олборлолтыг дэмжиж эхэлснээ мэдэгдэв. Ганд тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (DRIF) COP17-ийн үеэр албан ёсоор нээгдэж, гангийн тэсвэржилт, усны дэд бүтэц, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Үүнтэй зэрэгцэн Олон улсын гангийн тэсвэржилтийн ажиглалтын төвийн (IDRO) хоёрдугаар үе шат болох Йелийн Экосистем ба Архитектурын төв (Yale CEA)-тэй хамтран хөгжүүлсэн, өгөгдөлд суурилсан дижитал ажиглалтын платформ нь нээлтээ хийлээ. Мөн “The Drying Planet: Drought in Numbers 2026”, Rangelands Rising, The Economics of Rangelands Restoration зэрэг бэлчээрийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ач холбогдлыг харуулсан тайлангууд танилцуулагдав.

-Хурлын уур амьсгал-

Монгол Улс COP17-г соёлын 600 гаруй арга хэмжээгээр сүртэй зохион байгууллаа. “Улаан гэр” гэж алдаршсан зохион байгуулагч орны гэрт яамд, төрийн албан хаагчид өдөр бүр ээлжлэн ажиллаж, айраг цагаа элбэг дэлбэг байв. Гэвч Монгол оролцогчдын талбайд холхиж байсан хүмүүсийн тэн хагас нь агуулгад анхаарал хандуулаагүй гэж хэлж болно. Товчхондоо морь, хөшөө, үндэсний хувцаснаас өөр зүйл сонирхолыг нь онцгой татсангүй.

Талуудыг төлөөлж ирсэн байгууллагууд ил тод байр суурь илэрхийлэхээс зайлсхийж, санхүүжилтэд уяатай төслүүд хэрэгжүүлдэг иргэний нийгмийн байгууллагуудын байр суурь ч тодорхойгүй хэвээр байв. Ирсэн улс орнууд бүлэг бүлгээрээ хуваагдсан нь өөрөө нэгэн төрлийн шинж тэмдэг байлаа.

IUCN-ийн судалгаагаар улс орнууд амласан газрынхаа ердөө 10.4 хувийг л бодитоор сэргээсэн байна. Энэ бол хэн нэгнийг шүүмжилж буй хэрэг бус, харин бид өөрсдөө юуг илүү чухалчилж байгааг харуулах нэгэн тусгал юм.

-Дотоод өрсөлдөөн, эсвэл бид бүгдийг зэрэг хэрэгжүүлж чадах уу-

2026 он Олон улсын бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн жилтэй давхцсантай холбоотойгоор бэлчээр, бэлчээрийн мал аж ахуй COP17-ийн гол сэдвүүдийн нэг болов. Монгол Улс ЦТНҮБ-тэй хамтран бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг эхлүүлж, бэлчээрийн доройтол, тогтвортой менежмент, хөрөнгө оруулалт, мэдлэг болон институцийн хамтын ажиллагааг дэлхийн хэмжээнд ахиулахаар зорилоо.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP), Монгол Улс, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар (TCS) хамтран Зүүн хойд Азийн элс, шороон шуурганы санаачилгыг эхлүүлж, Сөүлийн удирдагчдын амлалтыг хяналт, урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн хамтын ажиллагаа болгон хөрвүүлэв.

Түүнчлэн зохион байгуулагч орны албан ёсны вэбсайтад “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 314 төсөл байршсан байна.  Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөнүүд санамж бичигт гарын үсэг зурж, Ерөнхий сайд 2 тэрбум ам.долларын AI дата төв байгуулахаа зарлав. УИХ-ын гишүүд өөр өөрсдийн санаачилга дэвшүүлж, салбарын сайд нар шинэ баримт бичиг танилцуулж, хотын дарга нарын форум зохион байгуулан “Улаанбаатар санаачилга” гаргаж, үр дүнг COP18 дээр танилцуулахаар боллоо. Хувийн хэвшлийг дэмжих санаачилгын хүрээнд 15 төсөл шалгарч, Business4Land Forum-д танилцуулагдав.

Ийнхүү нийгмийн бараг бүх нөлөө бүхий тоглогч болох гүйцэтгэх засаглал, парламент, орон нутгийн удирдлага, хувийн хэвшил бүр өөр өөрийн чиглэлээр манлайлал үзүүлж, конвенцийн уялдаа холбоог бэхжүүлэхийг зорьсон мэт харагдав.

Гэвч ийм олон, өөр өөр эзэнтэй санаачилгыг зэрэг, бодитоор хэрэгжүүлэх нь хэр бодитой вэ гэсэн эргэлзээ гарч ирнэ. Өөрийн гэсэн бизнесийн загвартай төслүүдэд санаа зовохгүй байж болох ч бусад санаачилгын хувьд асуудал өөр. Хөрөнгө оруулагчид цөөхөн бөгөөд тэд эрсдэл нь тодорхой, өгөөж нь хэмжигдэхүйц, хэрэгжих боломж өндөр төслүүдийг сонгох хандлагатай байдаг.

OECD-ийн судалгаагаар хөгжиж буй орнуудад хувийн санхүүжилт татахад өндөр эрсдэл, бага өгөөж, жижиг хэмжээний төсөл болон “bankable” төслийн хомсдол гол саад болдгийг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын систем хамгийн хэрэгтэй төслийг заавал түрүүлж сонгодоггүй. Харин хамгийн бэлтгэгдсэн, хамгийн бага эрсдэлтэй, хамгийн ойлгомжтой өгөөжтэй төслийг илүүд үздэг.

Бидэнд санаачилга дутаагүй байж болно. Харин тэдгээрийг эрэмбэлэх, нэгтгэх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, үр дүнг нь хэмжих тогтолцоо хангалттай хөгжсөн үү гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Энэ асуулт зөвхөн COP17-той холбоотой биш. Монгол Улс цаашид хөгжлийн ямар төслүүдийг тэргүүлэх чиглэл болгох вэ гэдэг илүү том асуултын нэг хэсэг юм.

Хэрэгжилтийн асуудлаас гадна нэг асуулт бий. Монгол эрдэмтдийн бэлтгэсэн судалгааны материал цар хүрээгээрээ өргөн байсан ч үүнийг хэн үзэж, хэрхэн ашигласан бэ гэдэг нь тодорхойгүй хэвээрээ байна. Мэргэжил нэгтнүүдтэйгээ бодит уулзалт хийж чадсан уу. Хэрэгжүүлж буй төслүүддээ гадаад түнш олж чадсан уу. Хэлний бэрхшээл саад болсон уу, эсвэл монголчууд монголчуудынхаа өмнө л ярьчихсан юм болов уу. Эдгээр асуулт Монголын COP17-ийн оролцоог “хэдэн арга хэмжээ зохион байгуулсан бэ” гэдгээр бус, харин бодит үр дүн, түншлэл, хэрэгжилт рүү хэр хөрвөсөн эсэхээр хэмжих ёстойг харуулж байна.

Ногоон бүсэд хүн бүр оролцох боломжтой байсан тул өөр өөрийнхөөрөө дүгнэх байх. Хэн нэгэнд COP17 нь дэлхийн хэмжээний дипломат хэлэлцээр байсан бол нөгөөд нь Монголын бэлчээр, зуд, газрын доройтлыг дэлхийд түгээх боломж байлаа. Заримд нь харин хотын хөдөлгөөн, зохион байгуулалтын хүндрэл илүү тод сэтгэгдэл үлдээсэн байж ч болно.

Гэхдээ COP17-ийн хувьд хамгийн чухал нь энэ хоёр долоо хоногт юу болсон бэ гэдгээс илүү дараагийн хоёр жилд юу хэрэгждэг вэ гэдэг асуулт байх болно. Учир нь эцсийн эцэст COP17-ийн дараа бидний асуух ёстой цорын ганц асуулт бол, “Юуг нь бодитоор хэрэгжүүлсэн бэ” юм.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Сэдэв: Боловсролын хүртээмжгүй байдал замын түгжрэл үүсгэдэг гол шалтгааны НЭГ болж байна

Next Story

АН: “Сүүлийн 10 жил Монгол улс мөнгөтэйн зовлонг эдэлсэн”

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага