Ховд аймгийн Буянт сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2026.08.14/ азарганы уралдаанаар эхэлж байна. Наадам гурав хоног үргэлжилнэ.
Ойг угтаж олон ажил хийсний нэг нь сумын соёл, спорт олон нийтийн талбайг шинэчлэн, тохижуулах. Энэ хүрээнд 1 тэрбум 70 сая төгрөгийн дүнтэй тендер зарлажээ.
Зарласан огноог харвал долоодугаар сарын 21. Гэсэн ч санал хүлээн авах, нээх огноог наймдугаар сарын 10 гэсэн нь анхаарал татаж байна.
Хоёрдугаарт, тус тендерт Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангайгийн хувь эзэмшдэг “Монголиа бюлдинг консалтинг групп” ХХК шалгарчээ.

Тус компани,
- Газар тариалан эрхлэх
- Барилгын засвар хийх
- Барилгын материалын худалдаа
- Авто машинаар ачаа тээвэрлэх
- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй.
Дээрх тендерт 1,068,516,025 төгрөгийн үнийн санал илгээж шалгарсан.

Мөн үүнээс гадна,
- Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн гэрэлтүүлэг хийх ажил
- Худаг, мал угаалгын онгоц /Ховд, Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум/
- Ховд хотын замын гэрлэн дохио шинэчлэн засварлах
- ЕБС-ын гал тогоо засварлах /Мөст сум/ зэрэг тендерүүдэд шалгарч, ажил гүйцэтгэсэн түүхтэй юм байна.