“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.
Э.Анарын хувьд АНУ, Япон улсад Бизнесийн удирдлага, Төрийн захиргааны удирдлагаар мэргэжил эзэмшсэн аж. Тэрбээр 2011 оноос хойш Монголбанканд ажиллаж, мэргэжилтнээс газрын захирал хүртэл дэвшжээ.
Харин түүний томилгоотой холбоотой мэдээлэл ийн шуугьж байгаа шалтгаан нь “М.Энхболдын хүү” гэх тодотголтой холбоотой болов уу. Хэчнээн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байлаа ч “Улстөрчийн хүү, том даргын хүүхэд л өндөр албан тушаалд очдог” гэх хардлага нийгэмд байсаар байх нь ойлгомжтой.
Тэгвэл өдгөө улс төрд эсвэл төрийн албанд өндөр албан тушаал хашиж буй улстөрчдийн хүүхдүүдийг эргэн санацгаая.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар

Түүний аав Намбарын Энхбаяр бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, 22 дахь Ерөнхий сайд, УИХ-ын 6 дахь даргаар ажиллаж байсан. Улс төрчийн карьерын хувьд оргилдоо тултал явсан Н.Энхбаярын хүү Э.Батшугар өдгөө улс төрд аавынхаа замналыг үргэлжлүүлэн яваа хүүхдүүдийн том төлөөлөл.
Тэрбээр, Монгол банкны Дэд ерөнхийлөгч, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан бол өдгөө Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж буй. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон түүнийг улс төрийн тавцан дахь “том тоглогч” гэхэд буруутахгүй болоод байна.
Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо

УИХ-д таван удаа сонгогдож, ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо энэ жагсаалтад мэдээж багтана. Тэрбээр, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан бол өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.
Аав Ө.Энхтүвшин нь 2006 онд БСШУ-ын сайд байхдаа БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл гаргуулж, хүү Э.Золбоогоо АНУ-ын Индиана Их сургуульд улс төр судлалын чиглэлээр бакалаврт суралцуулж байсан гэдэг. Харин Э.Золбоо 2013 онд НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа зээлээ тэглүүлж байсан тухай БЗС-гийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа баримт дэлгэж байв.
Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболдын хүү Э.Одмөнх

Нямаагийн Энхболд гэх улс төрч мөн л УИХ-д таван удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан намтартай. Тэгвэл түүний хүү Э.Одмөнх Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтсийн даргаар ажиллаж байсан бол 2021 оноос хойш Төрийн ёслолын газрын даргаар ажиллаж буй.
Э.Одмөнх нь мөн л БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, 2008 онд АНУ-ын Стрэйер их сургуульд суралцсан мэдээлэл цацагдаж байв.
УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн

Хэнтий аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөний хувьд Хөгжлийн банкны дэд захирал, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Г.Дөлгөөний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудлаа өөрийн хүсэлтээр орхисон. Гэвч тэрбээр гишүүн болох хүслээ биелүүлж чадаагүй юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр

УИХ-д 7 удаа сонгогдсон Цэндийн Нямдоржийг танихгүй хүн ховор. Түүний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 4 удаа ажиллаж, УИХ-ын даргаар ч ажиллаж байсан гавьяат хуульч.
Тэгвэл түүний хүү Н.Анхбаяр 2000 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаас ажлын гараагаа эхэлж, ГХЯ-ны атташе, гэрээ эрх зүйн газрын захирал, хэлтсийн дарга, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий Консул зэргээр ахиж явсаар сүүлдээ тус яамны ТНБД хүртэл албан тушаал дэвшсэн. Тэгвэл Н.Анхбаяр өдгөө НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаагийн хүүхдүүд

Ц.Цогзолмаа гэх улс төрч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргын орлогчоос эхлээд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүний гэр бүл тэр чигээрээ төрд шургалсан.
Нөхөр Ч.Саранжав нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан бол өдгөө “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн захирал, “10 аймагт дулааны станц барих” төслийн удирдагчаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Харин түүний хүү С.Түвшинтөр нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа ТӨҮГ-ын дарга, Монгол Улсаас ОХУ-д суугаа Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байв.
Охин С.Баясгалан нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдож, өнгөрсөн жил түүнд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.
Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг

УИХ-д 5 удаа сонгогдон, Гадаад харилцааны сайд, Үйлдвэр, худалдааны сайд, Ерөнхий сайд хийж явсан Сүхбаатарын Батболдыг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүний хүү Б.Баттүшиг хэдий улс төртэй холбоогүй ч Монголын Үндэсний Олимпын хороо гэх том байгууллагын Ерөнхийлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж байна. Мөн Олон Улсын Олимпын хорооны гишүүн. Улс төрч эсвэл төрийн өндөр албан тушаал хашдаггүй ч түүний албан тушаал тун чухал үүрэгтэй ажил.
Өнгөрсөн 3-р сард болсон МҮОХ-ны IX чуулганы үеэр Б.Баттүшиг ямар ч өрсөлдөгчгүйгээр буюу ганцаараа нэр дэвшин, уг суудалдаа улиран үлдсэн байдаг.
УИХ-ын гишүүн асан Н.Болормаагийн хүү Л.Мөнхтүшиг

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Н.Болормаагийн хүү нь ГХЯ-ны ТНБД Л.Мөнхтүшиг юм. Л.Мөнхтүшигийн хувьд 2008 оноос хойш Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа.
Тодруулбал, Монгол Улсаас Швед Улсад суугаа ЭСЯ-нд атташе, консул, БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал гэх зэргээр үргэлж өндөр албан тушаалд томилогдсоор ирсэн. Харин 2024 оны 8-р сараас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон байдаг.
УИХ-д сонгогдсон улс төрчдийн хүүхдүүд:
Аюушийн АРИУНЗАЯА

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, УИХ-д гурван удаа сонгогдож байсан П.Жасрай гуайн ууган зээ охин бол УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа.
А.Ариунзаяа өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. П.Жасрай гуай 2007 онд бурхан болсон.
Батбаярын ЖАРГАЛАН

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” хочит Н.Батбаярын охин Б.Жаргалан мөн л 2024 онд АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон.
Гончигдоржийн УЯНГАХИШИГ

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүнээр 6 удаа сонгогдон, АН-ын даргын суудалд заларч явсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг 2024 онд ХҮН намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.
Шинэбаярын БЯМБАСҮРЭН

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын хүү Ш.Бямбасүрэн 2024 оны сонгуулиар АН-аас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг хамарсан тойргоос гишүүн болон сонгогдсон. Түүний аав Ц.Шинэбаяр 2018 онд зуурдаар таалал төгссөн юм.
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН

Үйлдвэр, худалдааны сайд, Сангийн дэд сайд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн 2016 оноос хойш 3 дахь удаагаа УИХ-д сууж буй нэгэн.
Г.Тэмүүлэн нь гишүүн болохоосоо өмнө “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал, “Оюутолгой” ХХК-нд ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчдийн нэг юм.
Улстөрчид хүүхдүүдээ “гадаадад өндөр боловсрол эзэмшсэн учраас төрд ажиллаж байна, миний нөлөөлөл огт байхгүй” гэж өмгөөлдөг. Гэтэл эгэл ардын хүүхдүүд яг адилхан боловсрол эзэмшсэн ч төрийн удирдах албан тушаалд шууд томилогдох боломжгүй нь тодорхой. Мэдээж улс төрчдийн хүүхэд төрийн алба, улс төрд ажиллаж болохгүй гэсэн хууль, ёс зүйн хориг хаана ч байхгүй. Харин асуудлын гол нь тэдний боловсрол, туршлагаас илүүтэйгээр “дарга” болсон замнал нь юм.
Өмнө нь ч одоо ч төрийн өндөр албан тушаал, улс төрийн нөлөө бүхий суудлуудад улстөрчдийн хүүхдүүд, төрөл садан, ойрын хүрээний хүмүүс олноор ажиллаж байгаа нь тохиолдлын давхцал уу, эсвэл эрх мэдлийн хүрээ үе дамжин үргэлжилж буйн илрэл үү гэсэн асуулт олон нийтийн дунд байсаар байна.
Гол нь тухайн хүн албан тушаалд хэрхэн хүрсэн, ямар шалгуураар сонгогдсон, олон нийтэд хэр нээлттэй, шударга мэдээлсэн бэ гэдэгт анхаарах учиртай.
Эцсийн дүндээ төрд ажиллах эрх нь хүн бүрд тэгш байх ёстой. Харин тэр эрх мэдэл удамшдаг мэт болсон нь нийгмийн итгэлийг сулруулж, бухимдлыг нэмж байна.